Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ахуйн амьдралтай холбогдсон үг хэллэ
Хүүхэд бол ниймийн нэгэн гишүүн “бяцхан хүн“ болохынхоо хувьд амьдралд өөрийн хэр хэмжээгээр маш идэвхтэй оролцож, энэ хэр өөрт нь учир утга нь үл ойлгогдох олон зүйл юмны тухай  мэдэхийг байнга хичээж, гэнэн оюун ухаандаа элдвийг бодож, тунгааж явдаг онцлогтой. үүний нэг илрэл нь бага насны хүүхэд худлаа ярих явдал бөгөөд энэ бол худалч болохын цондон бус ерөөс тэр юмны тухайд ойлгосон бяцхан хүний сэтгэцийн хэмжээ нь тэр юм. Ийнхүү худал хэлэхдээ хүүхэд тухайн үзэгдэл юмыг байгаа байдлаас нь өсгөж дэвэргэн, сайн сайхнаар төсөөлөн ярьдаг нь үүний баталгаа мөн. Хүүхдийн энэ зан төрхийн нэгэн илрэл нь ахуй амьдралын элдэв үзэгдлүүдийн талаарх бодол саналаа шүлэглэн илэрхийлдэг арга болно. Амьдралд ийм тохиолдол маш олон байдгийг бид ахуй амьдралтай холбогдсон үг хэллэг хэмээн авч үзэж  байгаа юм.
Судлаачдын дүгнэлт болон өөрсдийн цуглуулсан материал зэрэгт тулгуурлан энэ чиглэлийн үг хэллэгийг хандах үг, дайралцаан, мэтгэлцээн гэсэн ангилалд хуваан авч үзэж болохоор байна.
“Хандах үг” гэж байгаль ертөнцийн үзэгдэл юмсыг ажиглаж хараад тэр тухай хүүхэд өөрийн бодол санааг шүлэглэн илэрхийлсэн нь болно.
    үүний жишээ нь: - хүүхэд тогорууг хараад
    Тогоруу сайхан
    Тоодог муухай
    Цам харай
    Цам харай
гэж хэлээд хормойгоо дэрвэн гүйхэд тогоруу үнэхээр бүжиг хийж буй мэтээр өрөөсөн хөл дээрээ догонцон бага багаар холддог. үүнийг харсан хүүхэд үнэхээр тогорууг, тоодогтой харьцуулаад өөрийг нь сайхан гэж хэлснийг, бас цам харай гэдгийг ойлгоод бүжиглэж байна гэж  боддог.
үүндээ бүрэн итгэсэн байх тул тогоруу харагдах  бүрийд л үүнийгээ давтан өөрийгөө баясгаж байдаг. Энэ бол хээр талд өссөн Монгол хүүхдийн өвөрмөц сэтгэхүй , зан төрхийг илтгэж буйн дээр тэдний дүрслэн бодох, танин мэдэхүйн өвөрмөц онцлогийг ч харуулж байна. Нэгэнт ингэж итгэсэн хүүхэд ганц тогорууг хараад ч бус бусад амьтдын тухай ч мөн л ийм байдлаар бодол саналаа илэрхийлж байдаг нь жинхэнэ эх байгалийн орчиндоо өсөж, торнин, түүнээсээ цэнгэл эдэлж байдаг Монгол хүүхдийн онцлог чанар мөн.  Тийнхүү хүүхдүүд:
“Туулай туулай тонгос
Туулайн хошного онгос
Хоёр чих нь дэлдгэс
Хоёр нүд нь бүлтгэс“
хэмээн туулайг хараад хэлдэг нь туулайны ерөнхий төрх байдлыг зураглан дүрсэлсний дээр энэ бяцхан хөөрхөн амьтныг өхөөрдөн хайрласан хүүхдийн сэтгэл, түүнтэй тоглох мөрөөдөл илэрч байгаа нь ийм хэллэгүүдэд дүрслэлийн цаана хүүхдийн бодол санааг илтгэсэн уянгын санаа оршиж буйг харуулна. Туулайг ийн өхөөрдөн хэлдэг атлаа шаазгайн шагшрахыг сонсоод:
    “Сайн хэл, сайн хэл
Шар тос өгье
Муу хэл, муу хэл
Модоор цохиж алъя.
гэдэг нь шаазгайн хов зөөдөг тухай ардын домог яриатай уялдан мөн л энэ амьтанд хандах Монгол хүний сэтгэлийг хүүхдүүд өөрсдийнхөөрөө илэрхийлж байгаа нь болно. Зөвхөн амьтан төдийгүй байгалийн элдэв үзэгдэл тухайлбал хуй дайрах үед:
    “Ганц гэрийн гадуур
    Хоёр гэрийн хоорондуур
    Олон гэрийн оройгоор”
гэх мэтээр хэлдэг нь байгалийн үзэгдэлд эзэн оноож байсан эрт балар цагийн үүдэлтэй боловч хүүхдүүдийн тухайд бол чухам ингэж хэлснийг нь хуй, салхи ойлгоод аюул учруулалгүй яваад өглөө хэмээн итгэж байдаг. Энэ мэтээр байгаль орчинд хандсан үг нь хүүхдийн сэтгэхүйгээр уг үзэгдэл юмсын шинж чанар, дүр төрхийг илэрхийлэхийн зэрэгцээ, хүүхдэд баясал, цэнгэл, итгэл, үнэмшлийг төрүүлж байдаг онцлогтой. Хандах үгийн дотор бас хүн, нийгмийн амьдралд хандсан үг хэллэг нэлээд байдаг. үүний нэг жишээ нь “Унгасан хүүхдийг шоглох үг“ болно. Хэдэн хүүхэд сууж байгаад хэн нэгэн нь унгаж орхивол түүнийг хэн болохыг тодруулахын тулд:
    “ Хэн унгав
    Хэлж өг
    Хэлмэн, зэлмэн
    Тоодог тогоруу
Товч шилбэ
Бүлтэс, бүдүүн
Буурцаг, бултгас”
гэх мэтийн үгсийг хэлж, хамгийн сүүлийн үгэн дээр таарсан хүүхэд унгасан болдог нь яг эзнийг нь олох арга биш боловч энэ “аюулаас” өөрийгөө зайлуулах зарим сэргэлэн нэг нь хэнээс эхлээд хэн дээр дуусгавал зохихыг хоромхон хугацаанд бодож олж чаддаг нь хэрэндээ ухаан зарах, нөхдийн дунд буй болсон эвгүй үзэгдлийг инээд наргианаар булзааруулан зайлуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Энд хэлж буй үг нь тодорхой утга санааг чухалчлаагүй, хэн нэг дээр сүүлчийн үгийн оноолтыг тааруулах гэсэн зэргээрээ “шодох үг“ –тэй төстэй авч тодорхой “дутагдлын“ эзнийг илрүүлэхийн тулд тодорхой хүнд хандаж буй зэрэг агуулгыг нь бодож хандах үгэнд хамааруулсан болно. Ер нь хүнд хандах үгийн нэг онцлог нь аль нэг дутагдлыг заасан байдаг. Тухайлбал Монголын ард түмний дунд маш ихэд дэлгэрсэн:
    “үд хүртэл унтаад
    үнээн дуугаар босоод
    үер болтол шээгээд
    Сүр бүр гүйгээд
    Сүрэг нохой дагуулаад
    Сүхэн чинээ баагаад
(Домобон чинээ багаад   
Долоон нохой цатгаад )     (Халхад)
Айлуу айлуу айлуу
    Айлын хүүхдийн шившиг (Цахарт)
гэсэн хэллэг бол ажил хийдэггүй залхуу, эрх хүүхдийг шогчлон хандаж эцэг, эх нь үр хүүхдээ зэмлэхэд зарим үед энэ хэллэгийг авч хэрэглэж байдаг. Түүнчлэн
Яаман айлын хүүхдийн
Эрх гэдэг хэнэрэлтэй
Ямаа хонь хоёрынх нь
Буйлах гэдэг хэнэрэлтэй
Унжуур чихтэй нохойных нь
Хуцах гэдэг нь хэнэрэлтэй
гэх зэргээр зөвхөн нэг хүний бус арчаагүй, ажилгүй айлын тухайд хүүхэд хот малынх нь байдлаар шоглон хандаж хэлсэн байдаг. Энэ мэтээр “Ламыг шоглох үг“, “Одой хүнийг  шоглох үг“, “Хожгор хүнийг шоглох үг“, “ Залхууг хэлэх үг“, “Муу хүнийг  хэлэх үг“ гэж байдаг нь энэхүү хандах үг хүнд хандахдаа байгалийн үзэгдэлд ханддагийн адил төрх байдлыг нь хэлж, сэтгэлийн цэнгэл эдлэх бус дутагдал, доголдлыг нь илчлэн хэлж, түүнээс хүүхэд багачуудаа сэрэмжлүүлэх гэсэн онцлогтой.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats