Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Та буянтай хүн
Орломжавын Отгонсүрэн. Энэ нэрийг олон хүн мэднэ. Яагаад  гэвэл энэ хүн 1940-өөд оноос эхлэн бага, дунд, их сургуулиудад багшлан үе үеийн мянга мянган шавьтай болсон хүн. Бас МУИС-д декан, МУБИС-д ректороор ажиллаж удирдахуй ухааны туршлага ч хуримтлуулсан. 1951 оноос хойшхи МУБИС-ийн 55 жилийн түүхэнд ректор 10 солигдоход 16 жил буюу хамгийн удаан хугацаанд энэ албыг хашсан нь Отгонсүрэн багш. Эхлээд Ардын Боловсролын тэргүүний ажилтан, дараа нь гавъяат багш, тэгээд Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм цолыг хүртсэн. Улсын хэмжээнд энэ цолтон арав гаруйхан байдаг гэх. Түүний нэг нь энэ хүн гээд бодоход, эдгээр цолыг хүртэхэд нь олон түмэн “эзнээ олж” гээд давхар баталгаажуулж байсныг санахад, бас Москва хот дахь олон улсын цөмийн шинжилгээний институтэд Монголоо төлөөлөн хэдэн жил ажиллаж, тэр ухаанаараа эрдмийн зэрэг хамгаалсныг нь тооцоход товчхон хэлбэл улсдаа дээгүүр орж үнэлэгдэх цөөн хүний л нэг нь яах аргагүй мөн. Ийм хүнийг “том хүн” хэмээн ард олон маань зүй ёсоор үнэлдэг. Том хүн гэгч том л хүн гэдэг нэг эрхэм чанар байдаг. Тэртэй, тэргүй хийж бүтээсэн нь агуу их улсыг түүгээр нь үнэлэхийн зэрэгцээ “цаадах чинь бас хүний хувьдаа ч зүгээр шүү” гэсэн ард олны бас нэг үнэлгээ байдаг. Энэ талаас нь аваад үзвэл хүн хүн өөр өөрийнхөөрөө, янз янзын үнэлгээ өгөх хэдий ч олон түмэн түүнд нэг их муу үнэлгээ өгөхгүй л болов уу? гэж би боддог юм. Энэ бол зүгээр нэг миний бодол ч бус амьтны ам тиймэрхүү чиг хандлагатай байдгаас үүдэн хэлж буй хэрэг.
Тэгээд чухам энэ талаас нь өөрийн бодож санаж явдгаа цөөн хэдэн баримтад тулгуурлан өгүүлсү гэж бодлоо.
1960-аад оны үед намайг МУИС-д сурч байхад энэ хүн физик, математекийн факультетийн декан байлаа. Их зарчимч шаардлагатай, салбарынхаа оюутны бүгдийнх нь овог нэр, аймаг сумыг цээжээр мэддэг, хэдэн хичээл ороод л анги дүүрэн оюутны нэр усыг андахгүй хэлдэг, бараг л ид шидтэй хүн мэтээр оюутнууд бахархан ярьдаг байсансан. Олон хүн зэрэг, зэрэг хэлж баталж байсан болохоор энэ лавтай үнэн байж таараа.
1975 онд манай сургуульд ректороор ирэхээс нь өмнө би чухам ийм л байдлаар эл хүнийг мэддэг байв. Гэтэл ажилдаа ороод сар ч болоогүй байхад нь санаандгүй таарчихсан чинь бүр хэзээний танил шиг минь мэндэлж уулзаад нэр усыг минь яг хэлж хэдэн онд их сургууль төгссөнийг минь хүртэл дурьдаад ажил төрөл ямар байгааг хэр зэрэг дадалгажиж буйг минь асуухад дээрх ярианы үнэнийг өөрийн биеэр анхлан мэдэрсэн билээ.
Түүнээс бүр хожуу их сургуулиас манайд ирээд хориод жил болсны нь хойно хамт ажиллаж байсан багшийнх нь утас хэрэгтэй болоод санаандгүй асууж орхисон чинь юу ч харалгүй нэг дугаар хэлэхэд нь бяцхан эргэлзсэн авч туршихаар шийдэн залгавал яг л мөн байсан даа.
Отгонсүрэн багшийн хувь хүнийх нь тухайд олон сонин яриа байдаг юм. Жараад оны үед Унгарт очиж мэргэжил дээшлүүлэхээр явахдаа зургаахан сарын дараа л мажар хэлээр ярьдаг болж эндээс очсон нөхөддөө хэлмэрчилж байсан ч гэх шиг, ирэхдээ тэр цагийн барууны моодоор хувцаслаж, өндөр бүрх малгай өмсөж, гартаа чамин таяг эргэлдүүлж явсан ч гэх шиг, твист, рокен-ролл бүжиг дэлгэрүүлсэн ч гэх шиг.
Энэ бүхэн бүгд үнэн юм билээ. Тэр үеийнхэн “тийм” гэж бүгд нэгэн дуугаар баталдаг юм. Миний мэдэх нь гэвэл биднийг оюутан байхад багш нарын баяр мэт зарим үйл явдлыг МУИС-ийн хоёрдугаар байрны их танхимд тэмдэглэдэг, түүнд зөвхөн багш нар л орох дархан эрхтэй авч “уран сайхны оюутнууд” гэх бидний хэдэн нөхөд хөшигний араас, тайзан дээрээс оролцох бас нэг эрхтэй улс байв.
Эхний ёслол дуусч найр жигдрээд ирэх үед гэрэл бүдгэрч орчин үеийн аялгуу танхимд цуурайтахад ФИЗМАТ-ын ширээнээс нэгэн намхавтар шар хүн түрүүлэн босоод мөнөөх бүжгүүдийг хийнэ гэдгийг үзүүлж өгдөг байсан нь яахын аргагүй Отгонсүрэн багш даа.
Манай УБИС-д нэг үе өөрийнхөө эрдэмтэдээр лекц уншуулаад бусад нь сонсдог ажил зохиогддог байв. Нэгэн удаа ректор маань лекц уншина гэхээр нь сансар огторгуйн тухай л сонин юм сонсоно гэж ойлгоод идэвхтэй нь аргагүй суусан чинь юу вэ? мань хүн гарч ирээд самбар дүүрэн химийн томъёо бичиж орхиод хими ярьдаг байгаа. Цөмийн физик гэгч хими лугаа тийм холбоотой ажээ. Түүнийг физикч гэж бодсон чинь бас химич ажээ.
Энэ бол эл хүний өргөн мэдлэгийн нэг жишээ. Эрдэмтэн хүнд гадаад хэлний мэдлэг гэж нэг чухал юм зайлшгүй шаардлагатай. Түүнийг орос хэлэнд гаргамгай гэдгийг хэн ч маргахгүй. Харин бусад хэлний тухайд.
Мажар хэлний талаар дээр өгүүлсэн. Англи хэлний тухайд би бас нэг юм мэдэх билээ.
Отгонсүрэн багш ректор байхдаа сургуульдаа ЮНЕСКО-ийн тусламж авах гэж бүр Ж.Батмөнх дарга хүртэл явж хөөцөлдөөд бүтээсэн билээ. Тэр ажлын хүрээнд хаанахынх ч байсан юм бэ? бүү мэд, хэдэн барууны хүмүүнүүд манай сургуульд ирээд ректорын өрөөнд уулзалт хийгээд гарахад нь манай хүн тэдэнтэй орчуулагчгүйгээр ярилцаж байхыг нь би харчихав. Эд чинь орос хэлтэй дамшигууд юм байхдаа гэж бодоод саваагүйрхэн дөхөж очоод чагнавал, бишээ, англиар ярьж байна. Захирал бүр өөрөө англиар ярьж байна.
Тэгэхдээ ажил төрөл биш бололтой. Мань хүнийг яриад дуусуут нөгөөдүүл нь бүр эг маггүй хөхөрч байх нь онигоо л яриа болов уу?  Өөрсдийнх нь хэлээр онигоо яриад хүмүүсийг инээлгэж чадна гэдэг тэр хэлийг овоо л эзэмшсэн хэрэг дээ.   
Социализмийн үед хурал ч их хийдэг, шүүмжлэл ч их хэлдэг байлаа. Нэг хурал дээр шүүмжлэх “алерги” хөдлөөд халдаж халдаж хар халзандаа гэгчээр ректорат руугаа давшлах “зоригт санаа” төрөөд авч өглөө. Сургуулийн хананд “Ректоратын мэдээлэл” гэсэн нэг самбар байх. Бид ч түүнийг байнга сонирхох. Байн байн үзээд байхнаа дандаа л тэрийг тэгэж шийтгэв, хөөв, гэж буюу тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн л голдуу юм гарах.
Энэ тухай нь миний бие зориглон “айлдсан” хэрэг. Тэгээд бүр “энэ ректорат гэдэг чинь удирдах байгууллага байна уу?, эсвэл шийтгэл оноодог газар байна уу?” гэж авсныг яана. Амьтан их талархаж буй бололтой алга ташиж байна. Залуугийн цөс, алга таших хоёрт хөөрсөн нэг их мундаг амьтан индрээс буугаад маадгар байв. Маргаашаас нь эхлэн айсан юм уу?, гэмшсэн юм уу? бүү мэд Отгонсүрэн багшаас нэг л хулгаад байлаа. Бараг хоёр сар шахуу ингэж “үйлээ үзэв”. Харин мань хүн тоосон шинжгүй. Гэхдээ л айхгүй ч гэсэн аягүй. Гэтэл ерээд оны үед багштай энгүүн ярьж суутал өнөөхийг чинь сэргээгээд ирдэг байгаа. “Ийм удаан хонзонтой золиг байх нь ээ” гэж бодмор аядтал “Чиний тэр шууд хэлсэн үг над бас их хэрэг болсон шүү. Удирдах хүн ер нь залуу ахмад гэхгүй бүхний үгийг сонсож, авахыг нь авч ёстой байдаг юм” гэхэд нь нэг юм санаа амарч билээ.
Багш болоод удаагүй байсан, бас эвлэл, олон нийтийн ажил гэж сурагч оюутан байхаасаа л “хэнхэгтэн” давхидаг байсан намайг энд тэнд ийм тийм эвлэл, олон нийтийн ажил хийлгэх санал цөөнгүй ирж байсан нэг үе миний амьдралд байдаг юм.
Тэгээд яахав тэр цагт одоогийн ОХУ-ын нийслэл Москва хотод энэ чигийн ажилд томилогдох нэг шаанс гарлаа л даа . Хүн болгон л сайшааж дэмжиж байв. Харин манай тэнхмийн эрхлэгч Цэнд багш хэдэн жил хамь ажилласны хувьдаа ч илүү хашир хүний хувьдаа ч миний ирээдүйг надаас илүү олж харчихаад цааргалаад байсан юм.  
   Би ч яахав Цэнд багшаас нууж, хааж хөөцөлдөж байгаад түүнийг алгасан шууд ректор руугаа орж явчихдаг байгаа. Тэгээд энэ санаагаа хэлсэн чинь “За яахав, Эвлэлийн төв хорооноос нэг тийм юм ярьж байна билээ. Чи залуу хүн. Юм үзэж нүд тайлмаар байгаа биз дээ. Явбал явахгүй юу? Тэгээд аль ажил нь дээр байна. Шийдэх биз дээ. Наад томилолт чинь гурван жилийн л хугацаатай юм шүү. Цаад Цэнд чинь ер нь зөв л бодоод байгаа байх шүү” гэлээ. Зөвшөөрсөнд нь бөөн баяр болоод бусад үгийнх нь утгыг ч төдийлөн сайн ухалгүй гарч өгөв өө.
Москвад гурван жил ажиллачихаад томилолтын хугацаа дуусах дөхөж байх үеэр Отгонсүрэн захирал ажлаар тэнд очлоо. Уулзаад учраад буцахдаа хэлсэн үг нь “Цаад Цэнд чинь чиний орон тоог хадгалаад л байна. Хугацаа чинь дуусаж байгаа биз дээ. Энэ жилээс хэтэрвэл цаашид оронтоо хадгалж чадахгүй шүү” гэдэг байна.
Би энэ үед ёстой бодож тунгааж үзээд “надад багш гэдэг л заяасан алба байна” гээд шийд гаргачихсан байлаа. Гэтэл энэ шийдийг эзнээс нь гурван жилийн өмнө Отгонсүрэн багш, Цэнд багш хоёр гаргачихсан байгаа юм даа. Би тэгэхэд хэн байлаа, ном ч үгүй, эрдмийн зэрэг цол ч үгүй юм, юм руу үсчсэн ерийн нэг нялзрай шүү дээ.
Буянтай, тохьтой удирдлага гэдэг нэгэн залуу хүний хувь заяанд ч гэлээ анхаарч, ингэж зөв шийддэг ажээ хэмээн эдүгээ бахархан баярлаж суунам.
Москвад байхад бас нэг юм болов. Отгонсүрэн багшийг яг очих тэр үед дотны найзынх нь хүү өөрөө гэмгүй ч өрөөлийн төлөө явж байж, бяцхан хэл аманд ороолдоод байв. Уг нь энэ ажлыг надад даалгаад л орхичиход болох зүйл байсан ч тэрвээр надад үл итгэсэндээ бус нөхрийн чанар заах гэснээс намайг дагуулаад өөрөө биечлэн явж, гурван хоног яс хөөцөлдөн бараг асуудал шийдчихээд байхад хүртэл сургуулийнх нь захиралтай зиндаархан уулзаж, ажил төрлөө ярихын сацуу ам, өчгийг нь эвтэйхэн авч баталгажуулаад гарч билээ. Хүний найз гэдэг ийм л байх ёстой болов уу? хэмээн тэгэхэд би бодож, бас хүмүүст бахархан ярьж билээ. 
Бас нэг сонин юм болов. Монголын зохиолчдын ээлжит их хурлыг тохиолдуулан миний биеийг яамны шагналд  тодорхойлжээ. Гэтэл чиний шагналыг танай ректор нэг зэрэг бууруулчихлаа гэж нэгэн нөхөр надад шивнэв. “Гүй ерөө, өөрийнх нь хүнийг гаднаас шагнаад өгье гэж байхад бууруулж байдаг яадаг нөхөр вэ?” гэсэн зэвүүн бодол төрөөд зуун грамм татаж, зоригоо чангалчихаад гэрт нь тавиад буучихав аа. Бас л нөгөө айхгүй ч гэсэн аягүйн үлгэрээр нэг их агсам тавьж ч шальсангүй, гэхдээ хэлэх үгээ хэлээд авлаа. Отгонсүрэн багш их гайхаж байна, намайг бас өрөвдөж буй бололтой. Ёстой учир бүгдийг ухааруулаад өглөө дөө. Би ч буруу “хов” дуулснаа мэдлээ. Тэр дороо ч мөнөөх шагналыг нь хүртчихлээ. Захиралдаа “агсам тавьсны” хүчээр бус захирал маань юмны учрыг тунгаан зөв ойлгож мөнөөх тодорхойлсон газрын мадгийг залруулсны хүчинд тэр шүүдээ.
Тэгэхдээ л дарга болгон ч ийм залруулга хийхгүй л болов уу.
Өөр нэг сонин юм өгүүлэхэд миний үеийн нэг залуу багш эхнэргүй юмсанж. Тэгээд сургуулийнхаа нэг залуухан бүсгүйтэй нэлээд дотносжээ. Нөгөөх нь хань ижилтэй эсэхийг ч бүү мэд. Тэгтэл нэг баяр тэмдэглэх үйл ажиллагаа болоод бяцхан цайллага болж, түүнд мань хоёр уригдаж. Цайллагын дараа нөгөөх бүсгүйнхээ гэрт очихоор тохироод авч. Тэгтэл яг явах болсон чинь бүсгүй нь захирлын машины арын суудал руу гүйгээд орчихож, залуу ч юм санасангүй хойноос нь ороод зэрэгцээд суучихаж. Замдаа жаахан халсныг хэлэх үү? Зориг ороод илэн далангүй нэлээд юм ярьчихаж. Захирал ч жуумалзаад л байж. Залуу багш түүнд баясаад улам ч дэлгэрэнгүй ярьж гарчээ. Гэтэл бүсгүй буух болоход залуу багш дагаад буух гэтэл нь захирал гар дээрээс нь шүүрч аваад хаалгыг нь хаан аваад давхичихаж. Үг хэлье ээ захирлаас сүрдээд чаддаггүй. Дуугүй байя аа уур нь хүрээд болдогүй. Гэвч тэсээд тэвчээд явахаас өөр аргагүй болж дээ. Захирал түүнийг машиндаа суулган чигээр авч явсаар бүр ресторонд дагуулан орж дайлаад харихад нь өөрийн жолоочоор хүргүүлжээ.
Тэгээд хэлсэн үг нь “Хүнийг сайн судалж байж үерх. Эр хүн харанхуй шөнөөр айлд хамаагүй ордоггүй юм. Цаадах чинь ер нь нэг үерхдэг хүнтэй л  болов уу даа. За сайн яваад хариарай” гээд үнссэн гэдэг. Энэ бол үнэн болсон явдал гэдгийг би баталж чадах юм л даа. Залуусынхаа ажил амьдралыг сайн мэддэг, тэднийхээ төлөө санаа тавьдаг л удирдлага ингэнэ дээ.
Энэ мэт баримт яривал их л байна л даа. Энэ бүхийг тоочихдоо би ер нь хүний чанар, тэр дундаа удирдах ажлын хүн энэ мэт байвал олон түмэн түүнийг хүрээлнэ дээ гэж бодсоны учир л ийн өгүүлж буй хэрэг.
Отгонсүрэн багш өөрөө “би бас нэлээд жил ректор хийчихжээ. Олон хүнтэй олон жил ажиллахад янз бүрийн л ааш араншинтай учирч явлаа. Гэхдээ намайг нэг их олон хүн тэр бүрий янз бүрээр хэлээд байхгүй л болов уу? л гэж бодож явдаг даа” гэж хэлдэг юм.
Багш маань энэ талаар санаа зоволтгүй байхаа. Таныг хүн элдвээр хэлж байхыг би лав сонсоогүй. Олон түмнээ гэсэн бодолтой хүнд олон нь сайн байдаг билээ.
Тэгээд ч та Монгол Улсын Ардын Багш хүн шүү дээ. Ийм цолтон Монголд арав гаруйхан төржээ. Төр засаг, ард түмэн аль алиных нь үнэлгээгээр тэр шүү дээ.
Та буянтай хүн.
Хэлбичгийн ухааны доктор, профессор Д.Оюунбадрах  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats