Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
1920,1930-аад оны хүүхдийн уран зохиолын тойм


Тухайн үеийн нийт уран зохиолд зонхилж байсан төрөл бол өгүүлэг,шүлэг юм. Нөгөө талаас энэ үеийн уншигчидын дийлэнх хэсгийг хүүхдүүд эзэлж байсан зэрэгтэй уялдуулан үзвэл 20-иод оны манай уран зохиолын нэг сонин төрөл болон гарч ирсэн үлгэр, өгүүлэг хүүхдийн зохиолын зүйд нэлээд дөхүү юм.
    “Үлгэр болгосон зохиолууд бол хүнд үлгэр үзэмж болох ёстой явдлууд найруулсан нь бөгөөд бас хүний явдалыг хүн бус амьтны явдалд ч үлгэрлэн зохиох ба хий бодлын үлгэр зохиол нэн үлэмж болой.Тиймийн тул үлгэр бол хүний явдалд жишээ үзүүлж сурагмжилсан чанартай .” /М_20-39/ хэмээн С.Буяннэмэхийн бичсэн нь дээрхийг баталж байна. Үлгэр өгүүлэгүүдийн төрх байдал ч үүнтэй сайтар тохирч байгаа юм.
    Ц.Дамдинсүрэнгий ”Өчүүхэн дөрвөн үлгэр”-ийн нэгэн “Аргаар эдлэв”-т гарьд хөхөө хоёр хоёр хоорондоо ноцолдож, хөхөө ялагдсан тухай өгүүллээд “Гарьдаа та намайг ялсан тул би баярлав. Та надаас хүсэх гуйх аваас би өршөөж өгнө ” гэсэнд Гарьд –Муу чамаас агуу хүчит тэнгэрийн шувуу би гуйх юм юу байх билээ. Харин надаас хүсэх гуйх аваас би өршөөж өгнө” гэснээр хөхөөг Гарьд нуруун дээрээ суулгаж явах болсон тухай сонирхолтой үйл явдлыг бичсэн нь “Субашид”-д гардаг  Гарьд, Вишну хоёрын үйл явдлыг ашиглажээ. Энд зохиолч Вишну тэнгэрийг хөхөө болгон ард олонд / хүүхдэд/  ойлгомжтой хэлбэрт оруулан хоёр амьтны дүрээр сэхүүн зантай, овсгоот ухаантан хоёрыг төлөөлүүлэн сургамж өгсөн байна.
    Д.Чимидийн “Ангир шувуу” /1927/ өгүүллэгт ард түмний дунд лам шувуу хэмээн нэрлэгдсэн ангирын тухай түгээмэл ойлголтыг ашиглан лам нарын талаарх тухайн цаг үеийнхээ ойлголтыг илэрхийлжээ. Үлгэр өгүүллэгүүдэд энэ мэтээр нийгмийн эсрэг тэсрэг хүчний зөрчил тэмцлийг ард нийтийн хялбар дөхөм ойлгох дүрд шингээн тайлбарлаж байсан нь дүрслэл, бичлэгийн арга зүйн хувьд хүүхдийн уран зохиолд дөхүү болж ,”ялангуяа бага насны хүүхдэд ба түмнийг төөрөлдүүлэхгүй болгож” байгаа нь тухайн цаг үеийнхээ үзэл бодолтой  нийцэж байна.
    Зарим үлгэр өгүүллэг бүр хүүхдэд зориулагдсан аястай бага насны хүүхдийн гэнэн мөрөөдөмтгий илэрхийлсэн байгаа нь Ө.Дэндэвийн “Бяцхан цоож эвдэрсны үлгэр” /1926/ болно. Энд цоожин дотор ямар нэг амьтан байдаг байх хэмээн бодсон жаал хүү тэр бодолдоо хөтлөгдөн цоожыг эвдэж байгаа нь нэг талаас хүүхдийн сониуч гэнэн зан, юмны учрыг олох гэсэн хүсэл харагдана. Цоожыг зүгээр ажиллан хараад өнгөрөхгүй мөн чанарыг нь мэдэх гэсэн эрмэлзлэл бүхий хүүхдийн дүр ийнхүү гарч буй нь тухайн цагийн шинэ хүний шинэ төрхийг илтгэх бөгөөд эх нь түүнд “сурахыг  хичээвэл өсөж их болох хэрд уран дарханы сургуульд орж суралцвал энэ мэт зүйлийг өөрөө үйлдэж  сурах болно ” гэж сургамжилж буй нь үүнийг давхар баталж байна.
    Ерөөс үлгэр өгүүллэгүүдийн нийтлэг хэв шинж нь ардын аман зохиол болон дорно дахины уламжлалыг ашиглан шинэ цагийн хүмүүсийн дүр төрхийг илтгэх оролдлого хийж байсан явдал, бөгөөд дүрслэлийн арга, дүр хүмүүжлийн нөлөөгөөрөө тухайн цаг үеийн хүүхэд багачуудад ихээхэн ач холбогдолтойн дээр хүүхдийн уран зохиолын нэгэн чухал төрөл болох орчин үеийн үлгэрийн үүсэл хөгжилтөнд чухал нөлөө үзүүлсэн болох нь маргаангүй. Үлгэр өгүүлэг бол манай зохиолчдод өгүүллэг /раззказ/ бичих дадлага сургууль болсон нь 20-иод оны сүүлч, 30-аад оны эхээр манай зохиолчдийн бичиж байсан бүтээлүүдээс харагдаж байна. Үүнээс бид хүүхдийн уншлагад орсон цөөн зарим бүтээлийг жишээ болгон авч үзье. Д.Нацагдоржийн “Адууны манаанд ” гэсэн өгүүллэгт залуу хүү Цогтын адуу манаж хоносоны маргааш өглөөний зурвасхан үйл явдлыг ихэд тод томруунаар дүрсэлсэн нь мөнөөх “хий бодлын үлгэр”-ээс нэгэнт холдон жинхэнэ бодит хүн, бодит амьдралыг дүрслэн ерийн үйл явдалаар монголын малчин багачуудын хэв шинжийг илэрхийлэн гаргасан байна. Харин “хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих, хөх монголын хойч үеийн тухай бичсэн “Бидний сурагчид”, ”Бид хэд” өгүүллэгүүдэд Цогтын хэв шинжээс шинэ орчинд шилжин ирж буй өөр хүүхдүүдийн тухай өгүүлсэн байна.Энэ нь Цогт хүү “их баясглантай байдлаар гялалзан уургаа тулж, морьдон ………… олон морьдыг уургалан барих нь үнэхээр авъяастай шаламгай , өөд уруугүй хөөж, зөв ба буруугүй  шургуулан барихыг үзсэн хүн бүр гайхаж “ буй бол “Бид хэд”-ийн “хөөрхий таван хүүхэд бүр нэг нэг цаасыг авч чимээгүй тонгооцгоож жирс жирс зурна. Агшин зуурын хугацаанд өчүүхэн толгойнуудын дотор бүх ертөнц хэдэнтээ бөмбөрч ямар нэгэн сонин зүйлийг цаасан дээр гаргаж “буйгаас тодорхой харагдаж байна.
    С.Буяннэмэхийн 1927 онд Буриадын эрдмийн хүрээлэнгийн захиалгаар бичсэн өгүүллэгүүдэд амьтны дүр , дан хүний дүр зэргээр “байгаль ертөнцийн үзэгдэл, амьд бодисын амьдрал, адгуусын зан араншин малчин хүний сэтгэхүйн онцлогыг гаргаж ” /М-88-192/ хүүхдэд олон зүйлийг таниулан сургамжилсан байна. Тухайлбал “Нарс улиасны найрамдал”, “Ичээний тарвага” өгүүллэгүүдэд амьтан ургамлыг хүнчлэн дүрсэлж байгалын үзэгдэл, амьтадын амьдралыг танилцуулсан бол “Тоншуул доктор”, “Бор бор болжмор ” өгүүллэгт хүнийг төлөөсөн амьтан гаргасан нь мөнөөх үлгэр өгүүллэгийн шинжийг ямар нэгэн байдлаар хадгалж байна.
    “Бор бор болжмор ” өгүүллэгт ах дүү хоёр жаал хүү “хошуу холбон жииг жииг дуугарах хоёр болжуухай “лугаа ярилцаж бие биенээ ойлголцож буй нь амьтан хүн хоёрын ярилцдаг ардын үлгэрийн уламжлалт аргаар ертөнцийн үзэгдэл юмсын харьцангуй чанарыг таниулан байгаль, амьтныг  хайрлах хүүхдийн сэтгэлийг илэрхийлсэнээрээ онцлог байна. Ийм дүрслэл хотондоо хамт тоглодог хурга, ишиг хоёроо уснаас гаргаж, чонын аюулаас гаргаж буй жаал хүүгийн тухай өгүүлсэн “Хурган хүү, ишгэн хүү өгүүллэгт бас бий.
Тэгвэл “Хоёр найз” өгүүлэгт гэнэт тулгарсан чонын аюулаас мултрахын тулд нэг нь шууд зугтаж байхад нөгөө нь маш уран арга хэрэглэн чоныг зайлуулж чадаж байна.
Энэ бүхэнд байгаль хүн амьтны  харьцааны тухай өгүүлж буй боловч тэрхүү харьцааг янз бүрийн талаас нь сонирхолтой   дүрсэлж байгаль хийгээд амьтан хүнд тус ч болдог ус ч болдог алин болохыг гагцхүү тэдэнтэй харьцах хүний оюун ухаан, авхаалж самбаа шийддэг болохыг харуулжээ. Энэ бол дээр өгүүлсэнчлэн хүний оюун ухаан хүчин чадлыг давуутайд үзэх , илүү дүрслэл гаргах зарчим мөн. Энэ зарчим нь “ер нь аливаа эрдэмт энэрэнгүй их хүмүүс бол гоо үзэсгэлэнт цэцэг навчийг ихэд хайрлах тул үл тасадна. Гагцхүү мунхаг зэрлэг бөгөөд цэцэгтэй цэнгэлдэн үл чадах хүмүүс бол өөрийн дур зоргоор сайхан цэцгийг тасалж хэнд ч хэрэггүй болгоно” хэмээн ярилцаж буй “Цэцэн, Цэцэг хоёр”, алив сайн үйлс бүхний жишээ болсон Баясгалант хүүгийн тухай өгүүлсэн “Сайн хүү”, дандаа бүтэлгүйтэж явдаг хүүд тохиолдсон үйл  явдалыг уран хошиноор шогчилсон ”Бүтэлгүй хүү ”, гэртээ ирсэн хоёр дээрэмчинээс огт айлгүй ов мэх авхаалж самбаа гарган тэднийг бариулж буй “Балчир жаал ” зэрэг өгүүлэгт ч тусгалаа олжээ.
  Ц.Дамдинсүрэнгийн “Цэцэн хурга” /1931/ өгүүллэгт чононд баригдан тэдэнд идүүлдэгийн даваан дээр өөрийн авхаалж, самбаагаар мултран амь гарч буй хурганы тухай, “Хэнз хурга” /1932/-д тухайн цагийн хүмүүсийн мухар сүсүэг бишрэлээс болж хайртай хургандаа учирч аюулыг зайлуулах аргаа олохгүй сандарч байгаа хүүгийн тухай тус тус өгүүлжээ. Дээрхи зохиолуудад гарч буй дүрийг юуны өмнө ажиглан үзье. Хүүхэд, мал, амьтан гэсэн ерөнхий дүр бүр нарийвчилбал хөдөөгийн хүүхэд танхимын сурагч , үлгэр жишээ сайн хүүхэд, бүтэлгүй жаал, авхаалжтай овсгоотой сэргэлэн хүү монгол хүүхдийн эхрмэлдэг адуу, хайрлан өсгөдөг хонь /хурга/ зэрэг гарч байна. Эдгээр дүр ардын үлгэрт ч, бичгийн зохиол ч байна. Харин хорь, гучаад оны зохиолууд дахь сайхь дүрүүдэд ямар онцлог байна вэ ?гэдэг биднйи сонирхолыг зүй ёсоор татаж байна. Энд хүүхдүүдийн дүрийг аваад үзэхэд ихэнхдээ хуучны уламжлалт дүрслэл хэвээр байх авч тухайн цагийн шинийг мэдэрсэн багачууд болох нь  “Цэцэн, Цэцэг хоёр”, ”Бид хэд”, “Хэнз хурга”-ийн Базар хүү, “Сайнхүү ” зэргээс харагдаж байна.
Эдгээр хүүхэд шинэ орчинд байгаа, шинэ зүйлийг мэдэрч байгаагаараа бусдаас ялгарч байгаа болохоос дөч тавиад оны үед гарч ирсэн үлгэр жишээ баатрууд биш байгаагаараа онцлог юм.  Харин “Хэнз хурга” өгүүллэгт хургандаа учирсан аюулыг өөрийн хүчээр бус цэрэгт шинэ цагийн ёсыг ойлгосон ахынхаа хүчээр зайлуулж байгаа нь уламжлалт дүрийн бодьгал хүчнээс нийгмийн шинэ үзэл бодлын давуу талыг шингээх гэсэн байдал цухалзаж байна. С.Буяннэмэхийн “Сайн хүү” мөнөөх үлгэр жишээ баатар гарч ирэхийн үр хөврөл мөн. Харин “Цэцэн хурга” өгүүллэгийн хурга бол ардын үлгэрийн олон шинжийг нэгтгэсэн сайтар боловсрогдсон байдлаараа ялгарч байгаа юм. Ардын үлгэрт хурц сэргэлэн оюун ухааныхаа хүчээр эсрэг дайснаа мохоон ялдаг хүүхдүүд ч гардаг, бас туулай , даага зэргийн амьтад ч гардаг. Энэ өгүүллэгт эдний шинж чанарыг нэгэн хурганы дүрд нийлүүлэн шингээсэн нь нэг талаал уламжлалт дүрслэл, нөгөө талаас цоо шинэ маягийн дүр гарч байгаа юм. Уг нь энэ ухаан хүнд л байвал зохих ёстой нь мэдээж. Хүн энэ ухааныг бага балчираасаа эзэмших ёстой тул эл зохиол бага насны хүүхдэд зориулагдсан байна.
Зохиолч тэдний сэтгэхүйн онцлог, юмыг хүлээн авах чадварын хэр хэмжээг сайн мэдсэний үндсэн дээр монгол хүүхдийн хайрлан энхрийлдэг хурганд цэцэн ухаан оруулан хүүхдэд үлгэр жишээ аван дууриах нэгэн сонин дүрийг бүтээсэн явдал эл зохиолын гол онцлог шинж мөн.
Түүнчлэн энэ хурга хэдий цэцэн ч гэлээ салхинд хийсч ирсэн адсаганаас айн зугтсан нь чонын аюулд өртөхийн шалтаг болж болж буй нь гэнэн томоогүй амьтны дүрийн шинж мөн.    
Эл өгүүллэг алив бэрхшээл тохиолдоход арга ухаан хэрэгтэйг сургахын зэрэгцээ чонын амьдралыг тодорхой дүрслэн харуулсанаараа танин мэдэхүйн давхар ач холбогдолтой болно.
Дүрийн хувьд ийм онцлог ажиглагдаж байгаа байгаа бол дүрслэлийн болоод төрөл зүйлийн тухайд аман үлгэрээс үлгэр өгүүллэг, үлгэр өгүүллэгээс өгүүллэг гэсэн явц илт байна. Нэг үгээр хэлбэл өгүүллэгүүд нь бодит амьдралдаа илүү ойртож,”хүнд үзэмж болох ёстой явдалууд” нь “хүнд бус амьтанд” үлгэрлдэн зохиогдохоосоо шууд хүнийхээ үйл явдлаар дүрслэгдэх чиглэлтэй болж ирсэн байна. Ийнхүү хүн нийгмийн амьдралыг шууд дүрсэлсэн байдал Д.Цэвэгмэдийн гучаад оны өгүүллэгүүдэд тодорхой харагдаж байна. Энэ бол “Хоньчин Найдан”-ийн /1935/ Найдан хүү,  “Болд Самбуу хоёр”-ын/1936/ Самбуу нарын дүр болно.Найдан ядуу зүдүүгийн эрхээр захирагч Сүрэнгийн харгис хэрцгий авир, доромжлолд өртөн зовдог бол Самбуу тухайн цагийн ном эрдэм сурах нэгэн замыг сонгож , гавьж ламын гарын шүүс, сэтгэлийн зугаа болон зовж байна. Эд мөн ядуу ардын хүүхдүүд. Ийм амьдрал, ийм зовлон хувьсгалын өмнөх монголд байсан нь үнэн. Гэхдээ энэ хоёр дүр ийм гашуун зовлонгоос гагцхүү ардын хувьсгал аварч ядуу ардын хүүхдийг шинэ замд оруулан нүдийг нь нээсэн гэдэг тухайн цагийн үзэл бодлын тусгал болсноороо онцлог юм. Энэ нь дээрх гашуун зовлонгоос Найдан, Самбуу хоёрыг 1921 оны хувьсгал авран нэгэнд нь нийгэмдээ чин шудрагаар хөдөлмөрлөх, нөгөөд нь эх орон ард түмнийхээ төлөө сурч мэдэх замыг нээж өгч буйгаас харагдана.
Харин “шөнийн харанхуй нөмрөн араатан чонын улилдах чимээ, ууль шар шувууны хашгирах дуун, байгалийн элдэв авиа хоньчин хүүгийн сэтгэлийг түгшээхэд ”Эзгүй хээр явахдаа эр хүн зоригтой баатарлаг явах хэрэгтэй. Тэгвэл сүлд хийморь нь сэргэлэн сайн байдаг юм” гэсэн аавынхаа үгийг санаад нэг үе зориг орж” морьтой хүн ирэх чимээнээр “Аав аа” гэж хашгиртал “Юуны чинь аав” гэж эзний хахир дуун гарч буй болон, “Улаанбаатар хотод гурван жил суралцаад Самбуу зовж зүдэрч явсан гоо үзэсгэлэн тансаг сайхныг шинэ хүний нүдээр сэтгэлдээ тунгаан бахдан байхад ” 
…Үй түмэн хүний бишрэлийг ашиглан тэргүүнийг дарж байсан бяцхан сүмийн нурсан балгас гунигтайяа харагдах сацуу өнчин хайлаас өвгөрч хувхайран суурин дээрээ тогтож ядан байгаа зэрэг дүрслэлээр баатруудынхаа дотоод сэтгэхүйн гадаад орчны эрс тэс ялгаатай байдал лугаа холбон илэрхийлсэн. Найдангийн зовлонг ямагт худаалцах өнчин Халзаадай хэмээх хурганы дүр, Болд Самбуу хоёрын үнэнч үерхэл зэрэг нь зохиогчын уран чадварын илрэл болох юм.
Найдан, Самбуу нарын дүр  түрүүн Ц.Дамдисүрэнгийн “Хэнз хурга”-д цухалзсан санааг бодит дүрээр хэрэгжүүлж, хувьсгалын өмнө дарлагдан зовж хувьсгалын ачаар шинэ замд орсон бүлэг дүр гарахын бодитой эхлэл болсон юм.
Түүнчлэн энэ үеийн зохиолд уламжлалт морь хүн хоёрын дүр дамжин ирсэн нь “Адууны манаанд ” өгүүлэгээс харагдаж байна. Бусад мал ялангуяа төл малын дүр хүүхэдтэй холбоотойгоо гарч ирсэн нь өмнөх үеийн хүн /хүүхэд/ баатрын орчин өөрчлөгдсөнтэй холбоотой. Үүнийг бид Д.Цэвэгмэдийн “Хоньчин Найдан” зохиолоор жишээ болгон авч үзье. Хуучин үед ч тухайн үед ч ядуу,өнчин хүүхдүүд байсаар байсан тул Найдангийн дүр уламжлалт шинжийг агуулсан байнаа. Харин түүний орчин амьдрах орчин нь өөр өөр юм. Үлгэр, туульсийн өнчин ядуу хүүхдүүд хэдийн тодорхой нэртэй байдаг ч нийтийг төлөөлсөн хамт олны шинж нь давуулаг байж, тэд нийтийн өмнөөс ухаан зориг гарган тэмцэж байдаг билээ. Тэгвэл Найдан дарлаглан зовсон эгэл жирийн хүүхдүүдийн нэг бөгөөд бодит байдлын юмуу бодьгал чанар нь давуу байдлаар дүрслэгдсэн тул тэмцэлдээ авах хамт олны дэмжлэг бага болж байна. Иймээс зовох ядрах өрөвдөлтэй тал нь илүү харагдаж уншигчдыг уяраах хандлагатай юм. Ийм баатарт үлгэр туульсийн адил хүчтэй хүлэг морь байх болмжгүй юм. Гэвч уламжлал ёсоор монгол хүүхдийн ахуй орчны тусгал болж, түүний зовлон жаргалыг хуваалцан гарч ирсэн дүр бол Халзаадай хэмээх хурга болно. Энэ хурга зохиолын эхэнд Найдан “энэ олон хонин дотроо ганцхан чи минийх шүү дээ . Чи том болоод надад олон хурга гаргаж өгнө” хэлж буй нь нэг талаар хүн мал хоёул өнчний учир бие биенийхээ зовлонг адил хуваалцаж буй мэт, нөгөө  талаар Найдан хүүнхэд зангаар ирээдүйн итгэлээ хургандаа өгүүлж буй мэт. Зохиолын бүхий л явцад өнчин Халзаадайг Найдангийн хамгийн итгэлт дотны хань …………….дүрслэгджээ. Энэ нь Найданг багш ламд шавь орохоор “харанхуй зам” руу явахад ээж нь ерөөл өргөхийн сацуу “өнчин Халзаадай нь одоо төлөг болсон бөгөөд” “гарыг нь үнэрлэн морьдуулах”, “Өнчид” бүлэгт Найдан гэрийн дэргэд уйлан суухуйд захирагч Сүрэн юу ч үл хэлэн хажуугаар нь давхин өнгөрч байгаа бол Өнчин Халзаадай том хонь болсон бөгөөд сүргээс тасран ирж Найдангийн дэргэд эзний үйтгарласан сэтгэлийг засахыг оролдсон мэт “ байгаа зэргээс харагддаг. Зохиолын төгсгөл хэсэгт ч Найдангийн хариулан буй хонин сүрэг өнчин Халзаадай хурганы төл болох тухай өгүүлсэн нь баатрын эхний хүлэнгийн биелэл болж буй байдлаар дүрслэгдсэн ба дээр нэр дурдсан зохиолуудад гарч буй төл малын дүрүүд ч мөн л ийм журмаар дүрслэгдсэн байна. Эдгээрт хамгийн гол шинж нь үлгэрт байдаг морьтой харьцуулахад энгийн чанар нь хэвээр үлдээд гагцхүү шинэ нөхцөлд, шинэ эзэнтэй харилцаж буй дүрүүд болсон явдал юм.Тарвага, чоно, болжмор зэрэг амьтдын дүр уламжлалт байдлаараа гарч ирсэн нь эдгээр амьтдын шинж байдал /инстинкт/ тохируулан оноосон авир төрх болно. Энэ нь “Бор бор болжмор ”- т хоёр болжуухай ах дүү хоёрын найз нөхөд болж байгаа бол “Хоёр найз” өгүүлэгт чоно хүүхдүүдийг айлгах сөрөг талын баатар маягтай дүрслэгдсэнээс харагдаж байна. Харин “Тоншуул доктор” өгүүлэгт тоншуул өөрөө юу ч мэдэхгүй хэрнээ мэдэгч болж элгээ эмчилнэ гэж очоод ганц л чаддаг юмаа хийж элэг бөөр хамаг эрхтнийг нь тоншиж орхисон тухай инээдэмтэй үйл явдал гарч буй нь тоншуул нэрлэхүү , бүдүүлэг хүнийг төлөөлсөн дүр болох нь ойлгомжтой.  
20,30-аад оны үед хүүхдэд зориулсан дуу шүлэг бас цөөнгүй гарчээ. Үүнд бид Д.Нацагдоржын “Пионерийн дуу ” /1925/, “Пионерийн лагерь дээр” /1933/, “Хэнз хурга”, “Хоёр ишиг”, Ц.Дамдинсүрэнгийн “Пионерийн лагерь”, С.Буяннэмэхийн “Лагерь”, “Сургууль”зэрэг шүлэг зохиолыг оруулж болох юм. Судлаачдын үзсэнээр 1921 оноос хойшхи шинэ үеийн яруу найраг нь хувьсгалтай хамт буй болсон учир уянгын гэхээсээ дайчин уриалж дуудсан тал нь давуутай байсан явдал энэ үеийн яруу найргийн нэг онцлог мөн. Эл байдал хүүхдэд зориулсан яруу найрагт ч ялгаагүй тусгалаа олж шинэ тутам буй болсон багачуудын хөдөлгөөн болох пионерийн байгууллага хийгээд сургууль, пионерийн зуслан зэргийг магтан дуулах өсвөр үеийнхэнийг ирээдүйн сайн сайхан өөд уриалан дуудах чиг хандлага зонхилж байна. Үүнийг бид
    “Бэлтгэн нэгдэж жагссан
    Багачууд хүүхдүүд бүгдээрээ
    Биелсэн эрдэмд боловсорч
    Баатар хувьсгалыг залгамжилъя
        Бэлхэн ээ ” / Д.Нацагдорж “Пионерийн дуу”
“Эгнээ бүрийн дундаас дуурсаж бүхий дуу нь
Тунгалаг бөгөөд өндөр яруу сайхан
Сэтгэл зоирг нь нэгэнт хөгжсөнд
Уул боловч асар өндөр бус
Тал  боловч төдий л хол бус… “/ Д.Нацагдорж “Пионерийн лагерь дээр/ гэсэн мөр бадгуудаас тодорхой харж болно.
Ийм чиглэлийн шүлэг зохиолоос Ц.Дамдинсүрэнгийн “Пионерийн лагерь дээр” хэмээх шүлэг
“Болжмор шувуу гангар, гунгар жиргээд
Бутын ногоо арзайн бурзайн ургаад
Хуур хөгжим хангир жингэр сонсдоод
Хушийн мөчир нэлбэс дэлбэс ганхаад
Хүсэл зориг давшин давин оргилоод
Хүүхэд багачууд инээдэс наадас бололцоод
Самар жимс сагсайн багсайн ургаад
Ийм л сайхан
Тийм л соньхон” гэх зэргээр үгийн давалтыг оновчтой зөв сонгон тааруулж, айзам хэмжээг тохируулснаараа хүүхдийн хөнгөн шингэн хөдөлгөөн, олон хүүхэд цугларан бужигнасан орчны байдал шүлгийнх нь аясаас сэтгэлд тодорхой ургахуйц бичигдсэн онцлогтой. Энэ шүлгээс “баясглантай, хөгжөөнтэй, цовоо, жавхаалаг сэтгэлийн аяс аяндаа гялалзан харагдах мэт болно.”  /Г-29-105 /
Түүнчлэн уламжлалт шүлгийн аясаар малчин монголын багачуудын амьдрал ахуйг дүрсэлсэн Д.Нацагдоржийн “Хэнз хурга” дээр шүлгүүдээс эрс ялгаатай нь
Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлаад
Намайг чиглэсээрээр ирдэг.
гэж эхэлдэг энэ шүлэг монгол хүүхдийн малдаа хайртай өвөрмөц  шинж, ажилсаг чанар, түмэн сүргийн түрүү болсон төл малаараа бахархах сэтгэл зэргийг жинхэнэ байдлаар нь илэрхийлсэний дээр нялх төлийн өхөөрдөм хөөрхөн төрхийг сайтар зураглан дүрсэлж чадсанд байгаа юм. Зохиол хэл найруулгын хувьд ч ягштал боловсорсон аман зохиолын адил энгийн уран болсон нь энэ шүлгийн бас нэг онцлог болно.
    20,30-аад оны үеийн хүүхдийн зохиолд гарч ирсэн нэг өвөрмөц сонин төрөл бол унших бичгүүд юм. Үүнд бид Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга онхууд Жамъяангийн “Урт өдрийн улиг үгний бичиг”, “Анхан сурах хөвгүүд охидын удирдан сурах бичиг” хан хэнтийн уул аймгийн Өндөр хан уулын бичээч Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Бат-Очирын “Дүү нар хөвгүүдийг сургах мандах нарны туяа” зэрэг зохиолыг оруулан үзэж байгаа юм. Эдгээр нь хүүхдэд зохиулсан зохиол хэдий биш боловч хүүхдийн зохиолын хүрээний гадна оршиж яавч болохгүй бүтээлүүд юм.
Ийм зохиолууд гарах болсон үндэс нь гэвэл дээр өгүүлсэнчлэн хот хөдөөд байгуулагдсан сургууль тэнхимүүдийн сурагчдад унших зүйл буйболгохын үүднээс зохиогджээ.
Зохиолгчид нь тухайн цагийнхаа өндөр боловсрол бүхий сэхээтэн байсан тул “их төлвийг хуучин мэргэдийн номлолоос эрэн түүж” /Ж-59-3/ “эртний эрдэмтдийн зохиосон “Бага сургааль бичиг”, “Ертөнцийг ухуулах чухал үгний бичиг”, “Зургаан хэргийн цээрлэл үгийн бичиг”, “судар, шасдир, толь бичиг ба бусад чухал бичиг, дүрмүүдийнг судлан үзэж” /Б-14-3/ бичсэн байх тул уран зохиолын холбогдол бүхий зүйлс маш их орсон байна.
    Ийм сурах бичгүүд гарах бас нэг шалтгаан нь өмнөх үеийн уламжлал болно.
    Энэ нь ХIХ зууны яруу найрагч р.Хишигбат, харчины чин ван Гүнсэнноров нарын хүүхэд байгачуудад зохиулан бүтээж, туурвиж байсан унших, сурах бичиг, толь зэрэг зохиолын тухай өмнө өгүүлсэн билээ.
    Хишигбат Гүнсэннорв нарын энэ уламжлал О.Жамьяан, Бат-Очир нарын дээрх ном зохиолыг бичихэд нөлөөлсөн болох нь гарцаагүй. Ялангуяа Гүнсэнноровын “Монгол утгын сурах бичиг” дээрх хоёр зохиолд илт нөлөөлсөн болох нь уг номын бүтэц, зохиомж, агуулга зэргээс харагдаж байна.
О.Жамъянгийн “Анх сурах хөвгүүдийг удирдан сургах хичээлийн бичиг” хэмээх ном нь 1921 онд зохиогдсон тус бүрдээ 27-30- хичээл багтаасан 6-7 хуудас буюу 13-14 тал бүхий дөрвөн дэвтрээс бүрдэж буй Гүнсэнноровын сурах бичигтэй төстэй авч зохиомжийн хувьд ялгарах юм бас бий.Хичээлүүд нь гарчиггүй дугаартай , дэвтэр тус бүрийн хичээлийг нэг эрх зохиолын маягтай болгосон зохиомж байгаа юм. Тухайлбал II дэвтрийн эхний хичээлд сургуулийн тэнхмийн чөлөө нэгэнт дүүргээд хичээлдээ ирж багштайгаа уулзан шинэ хичээлийн жилдээ орж орж буй хүүхэд, багш хоёрын тухай дүрслээд төгсгөлийн 30-р хичээлд “Бидний зэрэг улс энэ газар хуралдаад бүгд ижилдэв. Багш хичээл зааж нэгэнт хоёр дэвтэр болов. Үсгийг таньсан минь үлэмж, сургуулийг цэнгэл үлэмж” гэснээр нэгэнт хоёр дэвтрийг үзэж дуусган баясаж буй хүүхдийн сэтгэлийн илэрхийлж, чухам юу үзсэнийг нь энэ хүрээндээ багтаан дугаарласан хичээлүүдэд шингээжээ. Хичээлүүдийн агуулга хийгээд хэлбэр нь “Монгол утгын сурах бичигтэй төсөөтэй “болох тул доорхи зүйлд хуваан авч үзэж болохоор байна. Үүнд:
1.Танин мэдүүлэх ба хүмүүжлийн чанартай тайлбарласан өгүүллэгүүд. Энэ нь “Бийрийн зүйл адилгүй. Бидний улс үсээр хиймуй. Харь улсад эсхүл болд, эсхүл хорголжоор хиймуй. Түүнийг хэрэглэх нь маш их Эдүүгээ сургуулийн тэнхимд хар хавтгай модонд хэргэлнэ. Түүний алдар үүн лугаа болой.” /II дэвтэр 2-р хичээл/ гэсэн нь бийр, үзэг, цэрд зэргийг өгүүлэн юугаар хийдэг тухай өгүүлжээ.
Ийм энгийн таниулах өгүүлэмж бүхий зохиол бага насны уншигчдад ашиг тустай байдгийг бид С.Маршакийн “Та нарын номыг яаж хэвлэдэг вэ ? ” зэрэг зохиолоос мэднэ. Ийм зохиолууд хүүхдийн түм буман яагаад вэ? асуултын хариу болж байгаагаарай чухал юм.
Энэ мэтээр “хүний дээл хувцас биеийг хамгаална. Бидний улсын дээл ба хуцвас урт ба өргөн. Гадаад хүний дээл хувцас нь ахар бөгөөд бага.Эдүүгээ  сургууулийн танхимд дээл хувцасыг охор бага хэрэглэх нь буй Түүний хөнгөн алдрын тул болой ” /IIдэвтэр, 5-р хичээл/ Газрын дээрх гадрагад өндөр болох нь уулс болой. Үлэмж ой, алт чулууны элбэг. Урьд бидний улс уурхай нээхийг уээрлэсэн бөлгөө. Ойрноос бага сага нээж болох нь багагүй. Улмаар хөгжүүлвээс үүнээс их ашиг олох нь үгүй билээ .” /IIIдэвтэр,9-р хичээл/ гэх зэргээр үзэгдэл юмсыг өөр хооронд харьцуулах, цаг хугацаагаар хэрэглсэн нь зүгээр ч нэг өгүүлсэн бус бага насны хүүхдийн сэтгэхүйд нийцүүлэхийг эрмэлзсэн нь илт .
2.Дүрээр дамжуулж танин мэдүүлж сургамжилсан өгүүллэгүүд байна. Тухайлбал “Тэр сургуулийн хөвгүүн ачлалт мөн. Түүний эцэг эх нас хөгширсөн тул амсхийлгэн үйлчилнэ. Өглөө боссоход нь дээл хувьцсыг нь өмсгөнө. Унтахад нь хучлага дэвсгэрийг нь засна. Идэхэд нь зөөлөн зүйлийн эрмүй” /IIдэвтэр, 3-р хичээл/ гэсэн нь нэгэн тус ч ачилалт хөвгүүний дүрээр үлгэр жишээ болгон бусдад сургамжилж байна.
Тэгвэл “Шинэ саран анхан мандав. Бага хөвгүүд гадаа явахад анх гадаа явахад түүний хойноос юм дагаж явмуй. Ард хойш юу ч үзэгдсэнгүй Яаран орж асуусанд эгч өгүүлрүүн : Энэ чиний сүүдэр. Чи зулын өмнө зогсох нарны дор явахад цөм буй .Хэрэн умартан гэв. Хөвгүүн сая ухжээ.” Гэсэн нь бага наны хүүхдэд зориулсан өгүүллэг мөн байна. Энд бага хөвгүүний юмны учрыг олох гэсэн хүсэл, гэнэн томоогүй бодлыг сөрөгцүүлэн дүрслээд эгчийн сургамжаар учрыг тайлж буй нь өвөрмөц зохиомжтой гэнэн томоогүй, хашир туршлагатай хоёр ч дүрийг тэдний харьцаа үйлдлээр субъектив агуулгаас илэрхийлжээ. Ийм өгүүллэгүүд дэвтэр бүрд олон байна.
Найруулан засаж боловсруулсан өгүүллэгүүд нэлээд байна. Энэ нь түрүүчийн Гүнсэнноровын нэгэн адил дорно дахины болон монгол үлгэрийн зохиомж, өгүүлэмжийг ашиглан бага насны хүүхдийн сэтгэхүйн хэр хэмжээнд тохируулан боловсруулсан өгүүлэгүүд болно. Жишээлбэл : “Хоёр мэлхий нэгэн нуурт суугаад өдөр удсаар, хур орсонгүй нуур ширэгжээ. Хэлэлцэн бусад газарт шилжиж явахад нэгэн худаг тохиолджээ. Түүний нэг нь баярлаад орсугай хэмээхэд нөгөө нь өгүүлрүүн: Худгий ус нэн сайн. Хэрэв түүнд учир бий агаад санаа нийцэхгүй бол хэрхэн гарч чадах аж. Тийнүү нүдний өмнөхийг үзэх ба хойчийг үл бодох нь болвоос зовлон ирэх ёсон буй “/I дэвтэр, 25-р хичээл/ .
    “Олон шувууд эзний орныг сонгоход хэрээ өөрийн муухайг мэдээд даруй гүн шугуйд орж, тогосны унасан өдөөр биеэ засаад болгоод олон ирсэнийг мэдээд тэмцэн цохиж, урихлаад  түүний өдийг унагаж биеийг шархдуулжээ. /Iдэвтэр, 26-р хичээл/
    Мөн IIIдэвтрийн төгсгөлд “Тэр сургуулийн тэнхэмд байхдаа захиа зохион бичиж, дүү нартаа хүргүүлсэн бөгөөд эцэг эх нь захиаг үзээд баярлан өгүүлрүүн: Миний хөвгүүн сургуульд орж, нэгэн жил болох төдий боловч захиа зохиож чадсан нь мөн ном бичгийг судалж буй хэмээн ихэд баярламуй.” /30-р хичээл/
    IY дэвтрийн төгсгөлд “Бага насны бид нар анхан сургуулийг төгсөв өө. Багшийн сургах нь судлах бичиг үлэмж хэмээмүй. Байн байн үзэж утгыг ойлгон төгсөөд баатар журамт эрдэмтнийг эрхэмлэн, баян ийрэг улс төрөө мандуулж,баатар идэрхэг сүр хүчийг ихэтгэнбат их улсыг энх амарт хүргүүлсүгэй.”/30-р хичээл/ гэсэн нь нэгд нэгэн бүлэг номыг үзэж дууссан хүүхдийн баяр хөөрийг илчилж, нөгөө талаар олон жижиг өгүүлэгүүдийг нэг эзэнд хандан нэгтгэж эрих зохиолын маягтай болгосон зохиомжийн онцлог харагдаж байна.
    1926 онд Манжич Бат-Очирын зохиосон “Дүү нар хөвгүүдийг сургах мандах нарны туяа хэмээх бичиг оршивай” гэсэн нэр бүхий нэгэн дэвтэрт багтаасан уран сайхны боловсруулалтын хувьд Гүнсэнноров , Жамъян нарын бүтээлтйэ ижил тул зохиолын агуулга, хүмүүжил танин мэдэхүйн талаас нь авч үзлээ.
    Эл номд улс нийгэм, засаг төр, хууль цааз, хоршоо худалдаа зэрэг нийгмийн асуудал мал маллах, тариа тарих зэрэг аж байдлын зүйлс хийгээд зан заншил, ёс суртахууны холбогдолтой олон зүйлийг багтаасан байна.
    Энэ бүхнээ хүүхдэд сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр хүргэхийг хичээжээ.
    Дөрөвдүгээр зүйлд “Ахчлах, дүүчлэх” гэсэн гарчигийн дор “… Дэлхий дахинаар найрамдах ёслолын анханд тахимдах /ахчлах/ дүүчлэхийг гаргажухуй. Хүн бүр найрамдваас дэлхий дахин энх, улс төр бат,өөрийн биед харшил гэмшилгүй болмуй” хэмээн ахчлах, дүүчлэх ёсыг нэлээд өргөн утгаар нь тайлбарласан бол 34-р зүйлд “Уур хилэн” гарчгийн дор “Нэгэн цагийн хилэн өрнөж, хэрхэвч тайтгарч үл болоход хүрвээс хоёр этгээлд харилцан жанчилдаж өшө болон хариу авалцан бие үхэх, тахир дутуу болгож, хохирол, эдврэхэд хүргэ үүсвэр бага боловч зовлон болох нь маш их…” гэх зэргээр бичсэн нь гаргах санаагаа тодорхой бодит байдлаар тайлбарласан ба эхний өгүүллэгт “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас ” гэсэн сургаалийн дараагийхад “Уур биеийг зовооно ” гэсэн зүйр үгийн санааг дэлгэрүүлэн тайлбарласан аястай байна. Уг номын тухай сурган хүмүүжүүлэгч Т.Гомбосүрэн өгүүллэл бичиж аргаар нь
1.    “Улс нийгмийн сэдэвт зүйл
2.    Аж байдал хөдөлмөрийн сэдэвт
3.    Ёс суртахуун зан үйлийн сэдэвт зүйл /Г-35—1/ хэмээн ангилсан нь тохирч байна.
Эхний хэсэгт буй өгүүлэгүүд нь их төлөв шинэ засгийн бодлого, нийгмийн байгууллагыг таниулан сурталчах аястай бол хоёрдох хэсэгт багтах “Хүн болж төрөхүй” гэсэн зүйл “ертөнцөд хүн болж төрөх нь маш чухал” хэмээн дээдэс мэргэд номложээ.
“Анх эхийн умайдп биеийн дүрсийг олсон цагт мэргэн эхийн бие шалтгаантай болоод сац хажуулан хямрахгүй, далжийн суухгүй, хулбиийж зогсохгүй, нийлэмжгүй юмыг идэхгүй, тавгүй боловоос суухгүй нүд муу өнгийг үзэхгүй, чих нь харьцангүй дууг сонсохгүй, өглөө үдэш уянгат шүлгийг дуудуулан, төв цэгц хэргийг хэлүүлэн сонсож явбаас хөвгүүн төрөөд байдал төлөв, төв шударга эрдэмт хүнээс илүү болмуй хэмээжээ” гэх зэрэгээр бичснээс үзэхэд хүүхдэд төдийлэн  хамаагүй, харин эхэд өгсөн сануулга мэт харагдана.
Гэвч “эх болсон хүн арван сар болтол хүч тамираа бартал шаналан тээж, ганц биедээ зовлонг хүлээн тэсвэрлэж, аминд хүрэхээр зовон сая няраалмуй. Үүнд хөвгүүн болсон хүн учрыг мэдэж эхийн  ачийг туйлаас хүндэтгэн санавал зохино.”гэснээс үзвэл энэн яахын аргагүй хүүхдэд зориулагдсан байна. Эхийн хэрхэн зовон явж үрээ төрүүлдэгийг хүүхдэд тэр бүрий мэдэхгүй тул, мэдэхгүй зүйлийг нь мэдүүлэхийн тулд дээрх өгүүлэмжийг ашиглан ухааруулаад төгсгөлд нь ердөө л ганц үгээр сургамжилсан байна.
Түүнчлэн ”толгой, нүүр, гар, хөл хэмээгч эм хүний дөрвөн өнгө тул ямагт засацгаа Хов үг тахилзуур инээдийг тэвч. Уур хилэнг хүлцэж айл аймагтаа сайхан зохиц “гэх зэргээр бага охидод,  “эцэг эхийг ачилж ах нарыг хүндэл, өвгөдийн сургаалийг дагаж яв .Хичээн эрдэм сурч эрдэмт багшийг хүндэл…” гэх зэргээр  хөвгүүдэд хандан хэлсэн нь сургаалийн зохиолын хэлбэрийг ашигласан байна.
    Мөн “Архи дарс хэмээгч ” гэсэн 35-р зүйлд
“Бат үгийг задруулдаг
Бардам дээрэнгүйг төрүүлдэг.
Чухал үгийг цуцалдаг
Цугларгсдыг тэмцүүлдэг
Оюун билгийг мартуулдаг
Олсон зэхсэнийг баруулдаг
Бэх зөвлөлийг сарниулдаг
Бие махбодийг доройтуулдаг “ идээн мөн тул урьдаас сэргийлэн айж цээрлэвээс зохимой. гэсэн нь “Чингисийн есөн өрлөгтйэ өнчин хүүгийн сэцэлсэн шастир” зохиолд  Мухулай ,Боорч нарын хэлдэг үгийг авч ашигласан байна.
Энэ бүхнээс үзэхэд эдгээр сурах бичгийг зохиогчид уран дүрслэлийн янз бүрийн аргыг тохирох газар нь олж хэрэглэж чадсан учир дээрх бүтээлүүд хүүхдийн танин мэдэхүйд тустай болжээ.
Мөн өмнөх уламжлал зэрээс үзвэл энэхүү сурах бичиг Монголын хүүхдийн уран зохиолын түүхэн дэхь нэгэн өвөрмөц үзэгдэл, сонин төрөл болох нь тодорхой байна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats