Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дэлхийн уран зохиолын төсөөт болон ялгамжаат шинж, харилцан хамаарал, нөлөө
    Ямарч ард түмний уран зохиол нь өөрийн гэсэн бие даасан хэлний орчин, сэтгэлгээний онцлог, ахуй амьдрал соёлын өвөрмөц уламжлал, туурвилзүйн бусдаас ялгарах арга хэв маягуудтай байдаг. Жишээ нь: МААЗ-ын ертөнцийн гурав, Японы хайку гэх мэт. Энэ бол тухайн улс үндэстэний уран зохиолын бусдаас ялгарах өвөрмөц онцлог, ялгамжаат чанар юм.
    Аливаа ард түмний соёл түүний дотор урлаг уран зохиол нь хөрш зэргэлцдээ улс орнууд болон тухайн бүс нутгийн соёлын уламжлал цаашлаад дэлхий дахины уран сайхны сэтгэлгээтэй харилцан хамаарал нөлөөлөлд оршдог зүй тогтолтой. Ерөөс хүн төрлөхтөний соёл нь хэдийгээр тус тусдаа олон арван улс үндэстэн, ард түмнүүдийн бие даасан өв сан мөн боловч эцсийн дүндээ нэгдмэл цул шинжтэй үзэгдэл юм.
    Аль ч ард түмний урлаг уран зохиол нь бие биенээсээ бүтээлчээр суралцаж, шинэ шинэ агуулга, хэлбэр, дүр, үзэл санаа, туурвилзүйн арга барил, хэл найруулгын уран чадвар, өвөрмөц онцлогуудаар нэмэн баяжиж төгөлдөржиж байдаг жамтай.
    Үүнийг утга зохиолын харилцан хамаарал, нөлөө гэж нэрлэдэг байна. Жишээ нь: Монголын эртний уран зохиолын хөгжилд Энэтхэг, Төвд, Хятад, Перс, Уйгар зэрэг хил залгаа буюу бүс нутгийн улс орнуудын соёл уран зохиолын нөлөө харьцангүй их хүчтэй туссан байдаг бол орчин үеийн монголын уран зохиолын хөгжилд Орос-Зөвлөлтийн уран зохиолын нөлөө ихээхэн хүчтэй байсан юм. Жишээ нь: Манай шинэ цагийн нэрт зохиолч Ч.Лодойдамба өөрийн уран бүтээлийн оргил болох “Тунгалаг тамир” романы ерөнхий агуулга, зохиомжид тухайн үеийн Зөвлөлтийн /одоогийн ОХУ/ нэрт зохиолч М.Шолоховын “Дөлгөөн Дон” хэмээх алдарт туульсийн роман онцгой нөлөө үзүүлснийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин эдүгээ цагт дэлхий дахин глобальчлагдаж, мэдээллийн технологи, хурд хүч асар их өссөнтэй холбоотойгоор дэлхий дахины нийт соёл-утга зохиолоос цаг алдалгүй суралцах, харилцан мэдээлэл солилцох боломж нэгэнт бодит зүйл болжээ.
    Чухам ийм ч учраас өөрөөр хэлбэл аливаа улс орнуудын уран зохиол нь харилцан хамаарал, нөлөөлөлд орж байдаг тул дэлхий дахины урлаг уран зохиол нь бие даасан онцлог ялгаа бүхий байхын зэрэгцээ, басхүү нийтлэг адил төсөөт шинжийг ч агуулж байх тохиолдол цөөнгүй байдаг байна. Жишээ нь: Саран дээрх толбо буюу дүрсийн тайлбарласан өгүүлэмж бүхий үлгэр домог Ази төдийгүй дэлхийн бүх улс орны аман зохиолд янз бүрийн өвөрмөц хувилбартайгаар нийлэг тархсан байдаг ажээ.

Монголчуудын орчуулгын уран зохиолын тойм

Монголын ард түмэн бусад улс үндэстэний хэл соёлоос бүтээлчээр суралцаж ирсэн олон зуун жилийн баялаг уламжлалтай. Нэн ялангуяа орчуулгын уран зохиолын эрт цагийн улбаатай бахархам түүхтэй ард түмэн билээ.
Аль XIII зууны үед тухайн үеийн соёлын нэгэн томоохон төв болж байсан Уйгар, Перс, Энэтхэг, Хятад зэрэг олон орны хэлнээс ном судар орчуулж байсан тухай сурвалж бичиг хийгээд эрдэмтэдийн судалгаанд тэмдэглэсэн мэдээ баримт цөөнгүй байдаг ажээ. Тухайлбал Энэтхэгийн алдарт сургаалийн зохиол Панчатантрын үлгэрийн араб, перс хувилбар Калила, Димка гэдэг үлгэрийг XIII зууны үед Перс хэлнээс “Эрдэний сан Субашид” хэмээх сургаалын зохиолыг XIV зууны эхээр Төвд, Санскрид хэлнээс их гүүш Сономгара нар орчуулж байжээ. Түүнчлэн XVII-XVIII зуунд дорно дахины соёлын гайхамшигт, үнэт өв болох 108 боть буюу 1161 нэр төрөл бүхий “Ганжуур”, 225 боть буюу 3427 нэр төрлийн мэдлэг оюуны олон салбарыг түүний дотор хэл шинжлэл, үгийн урлаг болох уран зохиолын олон дурсгалт бүтээлүүдийг багтаасан “Данжуур” хэмээх их хөлгөн судруудыг орчуулж байв.
Өнгөрөгч XX зуунд орчуулгын уран зохиол асар их эрчимжиж дэлхий дахины таван тивийн олон арван улс орны зохиолчдын зохиол бүтээлүүдийг төрийн бодлого, зохицуулалтийн дагуу эх хэлнээ хөрвүүлж, орчуулгын уран зохиолын асар баялаг өв санг бүтээн өөрийн орны уншлагчдыг дэлхий дахины үгийн урлагтай дээжлэн танилцуулж чадсан юм.
1990-ээд оноос манай орчуулгын уран зохиолын түүх орчин цагийн дэлхий дахины утга зохиолын хөгжлийн өнөөгийн өнгө төрхийг илэрхийлж буй олон арван урсгал чиглэл, арга, туурвилзүйн хэв маягт хамаарагдах сонгодог зохиол бүтээлүүдийн орчуулгаар баяжих боллоо.
Тухайлбал Латин Америкийн нэрт зохиолч Г.Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал” /1990/, Орос-Зөвлөлтийн зохиолч М.Булгаковын “Мастер Маргарита хоёр” /1996/, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд” /1990/, “Айдас” /1999/, XIX зууны оросын суут зохиолч Ф.Достоевскийн “Гэм зэм” /2004/, Австрийн сонгодог зохиолч Ф.Кафкагийн “Шүүх” зэрэг романуудыг манай нэрт орчуулагч Г.Аким, Ц.Гомбосүрэн, Ц.Сүхбаатар нар орчуулсан бол авъяаслаг залуу орчуулагч Г.Аюурзана, Ц.Цэнгэл, Б.Чинбат, … нарын орчуулгаар Ж.П.Сартр, А.Камю, У.Б.Ийтс, У.Фолкнер, Ясунари Кавабата, Сэмюэль Беккет … нарын өгүүлэл, тууж, жүжиг, яруу найргийн бүтээлүүд орчуулагдаж уншигчдын хүртээл болсоор байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats