Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
1990-ээд оноос хойших хүүхдийн уран зохиолын байдал
    1990-ээд оноос хойших үе бол манай орны улс төр, эдийн засгийн амьдралд шинэ шинэ өөрчлөлт гарсан цаг хугацаа юм. Энэ үед өмнө дэлхий дахинаа ноёрхон байсан хоёр систем задарч, социализмын замаар явж байсан улс орнууд зах зээлийн хөгжилд татагдан орсноор нийгэм, эдийн засаг нь тэр аяараа өөрчлөгдсөн байна. Чухам үүнээс үүдэн урлаг соёлын амьдралд ч ихээхэн өөрчлөлт гарлаа.
    Юуны өмнө дан ганцаар ноёрхож байсан социалист реализм гэгч аргаас татгалзах хандлага буй болов. Гэхдээ хэрхэн яаж татгалзах, оронд нь ямар арга барил хэрэглэх зэрэг асуудал тулгарч энэ тухайдаа төдий л сайн учраа олохгүй будилж, төөрөх хандлага гарсан ба энэ нь одоо ч сайн жигдэрч чадаагүй байна.
    Үүнийгээ бид зах зээлийн шуурга, шилжилтийн үе гэх зэргээр нэрлэж байгаа ба энэ шуурганд өртсөн урлаг, уран зохиол учир зүйгээ олоогүйн улмаас нэг хэсэг зогсолтын байдалд орсон байна.
Энэ нь юуны өмнө хуучныг шүүмжлэх, шинийг магтан өргөмжлөх, аясаар илэрч, үүндээ бас юуг шүүмжлэх, юуг сайшаахаа ч төдийлөн мэдрэхгүй байв. Ултай суурьтай хэтийн төлөвтэй бодож боловсруулахын оронд хуучныг ямар ч утгагүй муулах, эсвэл хуучнаа сэргээх нэрээр чиг баримжаагүй зүтгэх, гадныг сохроор дууриах, өөрсдөө ч учрыг нь үл олох элдэв урсгал, чиглэл гаргаж хөглөх, зэрэг болчимгүй үйл ажиллагаа идэвхих аястай болов.
Эл байдалд хамгийн их өртсөн нь хүүхдийн орчин. Тухайлбал улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж бүхнийг хамарч байсан пионерийн байгууллага бараг үгүй болж, бодлого чиглэл нь алдагдсанаас хүүхдийн нэр барьсан өдий төдий олон нийтийн гэх хөдөлгөөн, янз бүрийн юм үүсэж, тэдгээр нь юу хийх яахаа ч мэдэхгүй, энд тэндхийн хандив, тусламж горьдон, орж ирсэн жаал зугаа хөрөнгий нь хүүхдэд бус цөөн этгээдийн хөлжих, баяжихад зориулах болов.
Хүүхдэд зориулсан уран бүтээлийн чиг бодлого алдагдаж, юу хийх яахаа мэдэхээ болив.
Чухам энэ үед төр засгаас явуулж буй бодлого нь бас л чиг баримжаагаа алдан өмнөх үед “Бүхнийг хүүхдийн төлөө” гэж байсан лоозон утга учиргүй юм шиг болж, түүнийг шүүмжилж эхэлсэн явдал завшигч нарт ая таатай боломж олгон хүүхдийн нэртэй бүхнийг булаан авах “хөдөлгөөн”өрнөв. Тийн Элдэв-Очирын нэрэмжит “Хүүхдийн кино театр” хөрөнгийн бирж гэгч болж, хүүхдийн төв номын санг учир шалтгаангүйгээр орон байрнаас нь хөөж, хуучин ордныг нь хэдэн жил хоосон хөндий байлган цоожилж, цэцэрлэг, яслийн иж бүрэн цогцолборуудын барилгад пүүс, компани, нарийн боов, ундааны цехүүд хүч түрэмгийлэн байрлаж, хүүхдийн театрт багачуудын хэрээс хэтэрсэн элдэв хачин жүжиг гарч, Монголын зохиолчдын Эвлэл, Гэгээрлийн яам зэрэг газарт байсан хүүхдийн зохиол хариуцдаг хэлтэс, зөвлөл үгүй болж, хүүхдийн парк, томчуудын соёл, цэнгээний хүрээлэн болон өөрчлөгдөв. 
Ийнхүү өмнөх үед байсан “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн лоозон үнэн хэрэгтээ бүхнийг хүүхдийн эсрэг гэсэн үйл ажиллагаагаар солигдов.
Хүүхдэд зориулсан ном зохиолын оронд телевизийн алаан хядаан, нүцгэн шалданыг голлосон кино жүжиг, орц, хонгилуудаар дүүрсэн учир утга ач холбогдол нь үл ойлгогдох компьютерийн тоглоомууд хүч түрэн орж ирэв.
Төр засгаас явуулж буй боловсролын талаархи бодлого ч тодорхой тогтсон чиг баримжаагүй болж хуучин системээ шүүмжлэх, гадны юмыг хэт бишрэх, өнгөц дууриах давалгаа өрнөснөөр нэг их эх оронч улс болох гэж, ямар ч бэлтгэл хангаагүй байж, уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгон, бүх сургалтыг гагцхүү үүгээр явуулна хэмээн дөвчигнөж нэг үеийнхнийг кирилл ч үгүй монгол ч үгүй  болгосон гашуун туршлагадаа үл халшран орос хэлийг англиар солих бас л бэлтгэлгүй, болчимгүй хөдөлгөөн дэврээснээр өнөөгийн ЕБС төгсөгчид аль ч хэлний анхны мэдэгдэхүүнгүй шахам алцан тааран амьтад болчихоод байна.
Үүний тов тодорхой жишээ нь цаад утга учрыг нь гүн гүнзгий судлах ойлгох, хэлний ч  онолын ч мэдлэггүй туршлага судлаачдын төсвийн мөнгөөр гадгаш зугаацаж ирээд хэрэгжүүлэх гэж ядсан нэг ажил бол ЕБС-ийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасах гэсэн тэнэглэл мөн.
Амьдралын хатуу эсэргүүцэлтэй тулгарсан тэдгээр “хөөрхөс” энэ хичээлийг хааж чадаагүй ч хорогдуулж дөнгөөд одоо хөөрхий хүүхдүүд аялгуу сайхан монгол хэлээ, ард түмнийхээ бүтээсэн ардын аман зохиол, бичгийн мэргэдийн туурвисан тансаг уран бүтээлээс сурахын оронд, соёл иргэншилийн золиос болсон дүлий машинд тааруулсан хэг ёг хийсэн дүрэм журмаар шахуулан хүчиндүүлж, монгол бус мохоо хэлтэнгүүдийн армид бөөн бөөнөөрөө үе үеээрээ “амжилттай элсэж” байна.
Эдгээр мунхаг мулгуу бүхний эсрэг сөрөн зогсож чаддаг нэг том хүчин бол зохиолч, уран бүтээлчид яахын аргаггүй мөн. Өмнөх үеийн баялаг сайхан туршлага ч үүнийг баталж байна.
Байдал хэдий ийм байгаа ч манай хүүхдийн зохиолчид тэр бүхний өмнө тэгтлээ бууж өгөөгүй байна. 1990 оноос хойш П.Хорлоо, М.Чимэд, Б.Бааст гээд бүр 1930-аад оноос уран бүтээлээ багачууддаа зориулсан ахмадуудын араас Л.Түдэв, Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, З.Түмэнжаргал, Т.Галсан, Ч.Аръяасүрэн, Г.Жанчив, О.Сундуй, Н.Саалуут, Н.Мандал гээд үе үеийн олон уран бүтээлч зохиол бүтээл туурвиж бяцхан уншигчдадаа бэлэг барьсаар байна. Гэвч бидэнд бодож тунгаах, дүгнэх цэгнэх юм их бий. Дан ганц дээр өгүүлсэн төр засаг, нийгмийн орчинд бурууг тохоод уран бүтээлчид өөрсдөө хариуцлагаас мултрах гэвэл учир утгаггүй юм болно. Яагаад гэвэл жинхэнэ авъяас билэгтэй агаад уран бүтээлдээ зүрх сэтгэлээ өгч чадсан бол тэр хүн ямар ч бэрхшээлийн өөдөөс сөрөн тэмцэж, харин ч шилдэг сайн зохиол бүтээл туурвиж чаддаггийг түүх бидэнд нотолж өгсөн.
Манай хүүхдийн зохиолчдод чухам энэ чанар хэр зэрэг байгаа бол. Үүнийг тэдний бичсэн, хэвлүүлсэн бүтээлд уншигчдын тавих дүн хэлээд өгөх нь тодорхой.
Энэ хугацаанд бид  юу хийв? Ямар амжилт олов, юу дутагдаж байна гэдэг талаар дүгнэн шүүж ярилцах аваас бас байдал мэдэгдээд ирэх учиртай.
Хүүхдэд зориулсан яруу найргийн тухайд гэвэл Ж.Дашдондог, Д.Давааням, З.Түмэнжаргал, Т.Галсан, О.Сундуй, Л.Одончимэд, Ш.Энхбаяр, Т.Бямбарагчаа, Т.Алтанцэцэг, Н.Доржцэрэн, Ш.Бадарч З.Нямцэрэн, Б.Нацагдорж зэрэг нэлээд хүн бичиж нэгээс эхлээд хэд хэдэн ном гаргасан байна. Эдэн дотроос онцлон авч үзэх нь Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Жамбын Дашдондог мөн. Тэрвээр 1950-иад оны сүүлчээр сурагчийн ширээнээс уран бүтээлээ эхэлж “Аргатай хүү” гэх бяцхан ном хэвлүүлснээсээ хойш эдүү хүртэл яруу найргаа хүүхдэд зориулсаар уран бүтээл нь улам чанаржсаар байгаа нэгэн.
Түүний “Аранзал зээрд” зэрэг шүлэг нь хүүхэд бүр цээжээр мэддэг бүтээл болж олон дууг нь өсвөр үеийнхэн дуулсаар байна.
Харандаа баллуур, савангийн тухай бичсэн шүлгүүд нь энгийн зүйлээс ихийг олж харсан ур чадвар сайтай өвөрмөц сонин дүрийг гаргасан содон сонин бүтээл болж чаджээ. Т.Галсанг “Хоёрын хүрд”-ээр нь З.Түмэнжаргалыг “Сургууль минь баяртай” дуугаар нь Д.Даваанямыг “Мөлхөө ангийнхан”-аар нь, О.Сундуйг “Аймаар том нохой”- гоор нь, З.Нямцэрэнг “Буузан бойтог”-оор нь, Ш.Энхбаярыг “Лууванд дуртай жаал”-аар нь Т.Алтанцэцэгийг өдөр тутмын амьдрал дүрсэлсэн шүлгүүдээр нь, Л.Одончимэдийг “Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоомууд”-аар нь өнөөгийн хүүхдүүд  мэдэж байна. Энэ бидний амжилт яахын аргагүй мөн. Ингээд цааш нь гаргавал үүнээс ч олон нэр, олон бүтээл дурьдаж болно.
Гэвч яг өнөөгийн хүүхдийн бодол санааг тэдний сэтгэл зүрхэнд хоногштол илэрхийлсэн нь хэд вэ? гээд үзвэл өдрийн од мэт. Энэ бол бидний үндсэн дутагдал мөн. Өнөөгийн яруу найргийн төвшин хийгээд хүүхдүүдийнхээ санаа бодол, хүсэл тэмүүлэлийг хэн нь хэрхэн илэрхийлж, хэр зэрэг уран сайхантай бүтээл гаргаж буйг бүхэлд нь авч үзвэл учир дутагдал их бий. Шинэд  тэмүүлэх, суралцах тэр чинээгээрээ бүтээж туурвих гэсэн эрхэм том зорилт бидний өмнө тулгарч байна.
Нэг талаас нь авч үзвэл бараг гурван үеийнхэн хүүхдэд зориулан яруу найраг бичиж байгаа авч түрүү үеийн гэж хэлж болох Ж.Дошдондогоосоо дараа дараагийн шүлэгчид давч гарч чадаагүй байгаа нь нэгийг хэлээд байна.
Үргэлжилсэн үгийн тухайд ч гэсэн П.Хорлоо, М.Чимэд, Б.Бааст, Ө.Баасанжав нарын ахмад үеийнхнээс эхлээд Д.Гармаа, Ч.Аръяасүрэн, С.Надмид, Г.Жанчив, Ж.Дашдондог, Ч.Алагсай, Б.Доржсүрэн, Ч.Лувсанжав, Б.Лхагвасүрэн, Т.Баасансүрэн, З.Далхжав, Т.Жамъяансүрэн, Д.Дамбийжанцан, Ш.Цэнд-Аюуш, Ш.Мягмар, Ж.Нямаа, Д.Ойдов, Н.Саалуут, Ж.Шатар, Л.Ширчин, С.Очиржав, М.Тогмид, А.Норовдорж, Т.Цахиур, Ц.Дандар, Ж.Жаргалсайхан, Р.Равдан, В.Ваанчиг, Ж.Мягмарсүрэн, Н.Мандал, П.Амаржаргал, Д.Баасанжав гээд олон хүний олон бүтээлийг дурьдаж болохоор байна.Ер нь ерээд оноос хойш өгүүллэг, туужийн ном нэг жилд арав орчим гарсан байна.
Тооны хувьд бас ч нэг их чамлаад байх юм биш. Эдний дотроос зориуд дурьдаж тэмдэглэмээр аятайхан бүтээл ч гарч байна. Тухайлбал  Ч.Аръяасүрэн “Сүүлэн хүү”-гээ үргэлжлүүлэн бичиж, Ж.Дашдондог байгаль амьтны сэдвийг хүүхдийн дотоод сэтгэхүйтэй нарийн холбосон “Чулуун домог”хэмээх сонирхолтой ном бүтээж, Г.Ловор яруу найраг, үргэлжилсэн үг хослосон хүүхдийн унших хийгээд үйл ажиллагааг хослуулсан  өвөрмөц бүтээл гаргаж, Д.Ойдов уран зөгнөлийн талаар дагнаж З.Түмэнжаргал эртний Төвд Монголын сонгодог бүтээлүүдийг орчин үед тохируулан тун донжийг нь олсон “Нисдэг алим” туужаа хэвлүүлж, олон залуу зохиолч энэ төрөлд хүч сорьсон зэргийг тэмдэглэх ололт мөн.
Надмидын Мандал гэх багш эмэгтэй “Бондхой”, “Болсон явдал”, “Хип хоп мандутгай” гэсэн сонин нэртэй, сонин зохиомжтой орчин үеийн хүүхдийн бодол санааг  өнөөгийн хэмжээнд тун чадварлаг илэрхийлсэн туужаас эхлэн бараг жил бүр ийм чиглэлийн нэгээс хоёр бүтээл гарган нэр мөрөө гаргаж буй нь  нэн сайшаалтай.
Тайз дэлгэцийн бүтээлийн тухайд ч бас хэлэх юм бий. Улсын Хүүхэлдэйн театрт ерээд оны эхэн дунд үед ямар ч байсан жилдээ нэгээс хоёр уран бүтээл тайзнаа гаргаж, хүүхэд залуучуудын театрт   ахлах насныхан залуучуудад зориулсан шинэ санаа, шинэлэг арга барил бүхий жүжгүүд гаргаж, киноны уран бүтээлчид хэд хэдэн бүтээл дэлгэцнээ гаргажээ.
Гэвч бүхэлд нь авч үзвэл бид шинжлэх ухаан техникийн асар хурдан өөрчлөлт, шинэчлэлт бүхий эрин үед амьдарч оюун санаа, хүсэл мөрөөдөл нь цаг хором бүрд шинэ мэдээллээр баяжин буй бяцхан уншигчидынхаа өндөр шаардлага хэрэгцээг хангаж чадаж байна уу? гэвэл огт үгүй. Үүнийг доорх байдлаар тайлбарлаж болно.
Юуны өмнө гарч байгаа уран бүтээлийн тоо дэндүү цөөн байна. Цөөн ч гэсэн чанартай бүтээл гаргаад байвал өөр хэрэг. Гэтэл энэ чанар гэгч хэмжүүр бүр алга болод байна. Өнөөдөр ном зохиолоо хэнд зориулж хэдэн хувиар, ямар өнгө үзэмжтэй гаргахыг уран чадвар бус ууттай мөнгө мэддэг болчихоод байгаа тул учиргүй гоё хавтас, дэндүү сайхан өнгө, зурагтай уран сайхан, хүмүүжил, танин мэдэхүйн ач холбогдолоор даанч үлбэгэр бүтээл олноороо гарах боллоо. Ардын үлгэр домог, сонгодог уран зохиолын бүтээлүүдийг ч мөнгө олох ашиг  сонирхолын хэрэглүүр болгон анх байсан уран сайхны өндөр төвшинг нь долоон дор болгон утга, найруулга нь үл авцалдах үгийн хэлхээс болгон эрээн мяраан өнгөлөөд номын худалдаанд шилжүүлэн ашиг олж байна.
Энэ бол ирээдүй  хойч үеэ золиос болгон “мөнгө цагаан нүд улаан”үлгэрийг хэрэгжүүлэгчид    ёс суртахууны хувьд дэндүүдоройтон илжирч буйн баримт мөн. Тэгээд бас иймэрхүү номонцор үйлдвэрлэгчид өөрсдийгөө зохиол бичсэн гэж бодоод зохиолч гэж зарлаад явах нь бүр шившигтэй.
Өнөө үед бидний хамгийн харамсмаар юм бол хүүхдийн зохиолчдын залгамж халаа бараг тасрахад хүрээд байгаа явдал юм.
Уран зохиол, яруу найрагт дур сонирхолтой гэх залуус борооны дараах мөөг шиг олширч байгаа ч тэднээс хүүхдийн зохиол бичдэг нь өдрийн одноос ч цөөн. Үүнд бас учир бий. Энэ нь өнөөх нийгмийн орчин, эдийн засагтай холбоотой.
Хүүхдийн зохиол гэгч хүний авъяас билгийг чухамхүү дээд зэргээр шаардсан нарийн чимхлүүр ажил. Тэглээ гээд өнөөдөр үнэлгээ тун бага тул түүний оронд гар хурууны үзүүрээр хэдэн үг холбоод хип хоп, рок энэ тэрд зориулсан шүлгэнцэр бичээд байхад ая зохиогч, дуучид гэгч нь дор нь “амьдруулаад” учир утга нь үл мэдэгдэх “улаан фенүүд” гэгчид нь эцсийнхээ улаан мөнгийг шавхаж байгаад ямар ч том заал байсан дүүртэл нь чихэж суугаад тэдэнтэй хамт орилолдон “сэтгэлийн цэнгэлээ эдэлж” халаас өврийг нь дүүргээд байхад  тэр зүг рүү, тийм хялбар олз руу татагдахгүй залуу хүн хаана яаж байх билээ.
Энэ бол манай нийт залуусыг хэлж буй хэрэг бус хэдий ч дийлэнх нь ийм замаар яваад өөрсдийгөө эрхэм их уран бүтээлчийн зиндаанд өргөж тавьчихаад хаа холын тэнгэрийн од лугаа зүйрэн хүндлээд “улаан фен”-үүд гэгчдээ миний шүтэн бишрэгчд хэмээн том дуугарч бараг бурхан багшийн дүрээр аашлаад байгаа нь нүднээ илт болжээ.  
Гэвч хүүхдээ гэсэн сэтгэлтэй, тэдэнд зориулж чанартай сайн бүтээл туурвих хүсэл эрмэлзэлтэй залуус байгааг үгүйсгэж болохгүй. 2000 оны эхээр Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх ухааны яамнаас  зарласан хүүхдэд  зориулсан уран бүтээлийн уралдаанд олон зохиолчын олон шилдэг бүтээл ирж байсан  явдал үүний гэрч мөн.
Эдгээр зохиолоос шилж шигшвэл авах юм их байсан бөгөөд үүнийг ганц уралдаанаар хязгаарлаад орхих бус тогтмол ажил болгон үргэлжлүүлсэн бол ихээхэн үр дүнд хүрэх байсныг анхаарууштай. 2006 онд “Дэлхийн зөн” байгууллагаас хөрөнгө мөнгийг нь гаргасан уралдаанд ч манай хэвлэлийн газрууд, зохиолчид идэвхтэй оролцсон бөгөөд үүний ачаар манай хөдөөгийн багачууд номын сандаа унших номтой болоод байна.
Ерээд оны эхээр хүүхдийн уран зохиолыг 2000 он гарснаас хойшхи үетэй харьцуулж үзэхэд бас ч гэж ахиц дэвшил ажиглагдаж байгаа юм.
Юуны өмнө “Цох”, “Сурагч” “Чиний зураг” гэх зэргээр хүүхдийн өдөр тутмын тогтмол хэвлэл буй болсон  хийгээд дээр нэр дурьдсан сонингууд бодлого, уран сайхан, дизайны хувьдаа орчин үеийн шаардлагыг хангаж байгаа, тэдгээрт хүүхдийн жижиг ярианаас эхлээд үлгэр оньсого, өгүүлэл, шүлэг хэвлэгдээд байгаа нь орчин цагийн хүүхдийн утга зохиолын  хөгжилтөнд тус нэмрээ өгч байна.
Үндэсний болоод бусад  телевизүүд хүүхдэд зориулсан тогтмол нэвтрүүлгийн цагтай болж түүгээрээ хэдий бага зай хугацаатай ч уран зохиол урлагтай холбоо бүхий зүйлс дамжуулж буй нь бас нэг ололт мөн.
Ивээн тэтгэгчид олоод юм уу?, зохиолч нь өөрөө бэл бэнчинтэй нэгэн бол хүүхдэд зориулсан ямар ч том бүтээлийг хэвлүүлэх боломж нээлттэй болчихлоо. Улсын болоод хувийн их дээд сургуулиудад Утга зохиолын чиглэлийн сургалттай ангиуд олноор нээгдлээ.
Монголын Зохиолчдын Эвлэлд өөрсдөө идэвх чармайлтаа дайчлан ажиллах аваас удирдах зөвлөлд нь энэ салбарыг хариуцсан хоёр ч төлөөлөгч багтаж байна.
2005-онд Монголын хүүхдийн зохиолчид Г.Х.Андерсены дэлхийн хүүхдийн уран бүтээлийн холбоонд гишүүнээр элсчихлээ. Хүүхдийн номын зураг чимэглэлийг ямар л бол ямраар хийх техникийн боломж, хүч чадал манай хэвлэх үйлдвэрүүдэд нэгэнт буй болжээ.
Их дээд сургуулийгн багшийн мэргэжлийн ангиудад хүүхдийн утга зохиолыг шинжлэх ухааны төвшинд заан сургаж байна. Энэ бүгдээс үзэхэд хүүхдийн утга зохиолыг цаашид хөгжүүлэх бололцоо нөхцөл бүрэн байна гэж хэлж болохуйц. Одоо тэгвэл юу дутагдаж байна вэ? гэвэл ердөө л бодлого, зохион байгуулалтын ажил.
1960-аад оны үеэс Монголын хүүхдийн уран зохиол хөгжлийн шинэ шатанд гарсан тухай бид байнга ярьж бичиж ирсэн. Тэгвэл тэр үед одоогийнх шиг ийм нөхцөл боломж хараахан бүрэлдээгүй байсан. Гагцхүү дээд газраас онцгойлон анхаарч зохион байгуулсны үр дүнд л ийм амжилтанд хүрч чадсан. Тухайн цагт “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн үг зөвхөн лоозон төдий бус нам засаг, яам тамга, албан байгуулага, хувь хүн бүрийн сэтгэл зүрхэнд байж үнэхээр хүүхдийнхээ төлөө анхаарал тавьж байж. Тэр анхаарал халамж хүүхдийн уран зохиолыг тойролгүй дайрсны ачаар л бид ингэж ярих юмтай болж.
Өнөөдөр хүүхдийн төлөө ажилладаг хамгийн дээд байгууллагыг  ерөнхий сайд толгойлж, хуучин олон нийтийн байсан хүүхдийн байгууллага,засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэмээх яамны зиндааны төрийн нэгж болж, хүүхдийн төлөө гэсэн нэр бүхий олон арван сайн дур, олон нийтийн байгууллага буй болжээ.
Эд бүгдээрээ нийлж зөвлөөд, эдэнд хамгийн том дээд газруудаас нь үүрэг чиглэл өгөөд, хүүхдийн уран зохиолыг дэмжих хөдөлгөөн өрнүүлчих аваас дээр дурьдсан боломж, нөхцөлүүд жинхэнэ зөв гольдиролдоо орно. Чухам ингэх аваас манай хүүхдийн уран зохиол өнөөгийн шаардлагын төшинд хүрэн хөгжих учиртай. Ингэж хөгжихөд нь эв дүйг нь олсон ганцхан түлхүүр буюу зөв бодлого л хэрэгтэй байна. Энэхүү зөв бодлогыг дээрээс зөв шууд чиглүүлж зааж болно. Ер нь яаж ч болох боломж бидэнд нэгэнт буй болчихоод байгаа тул хамтын хүч, нэгдсэн санаагаар нэгэн зориг, чигийг барьж ажиллах явдал л манай хүүхдийн уран бүтээлчдийн эн тэргүүний зорилт болж байна.
Д.Оюунбадрах  /Д.Нацагдоржийн шагналт судлаач, доктор, профессор/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats