Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Орчин цагийн утга зохиолын хэлний асуудалд
Хэл гэгч хүн төрлөхтний соёлын хөгжлийн гайхамшигт том ололт гэдэгтэй хэн ч маргахгүй. Хэлгүйгээр үндэсний соёл үл оршино гэж ярьдаг нь ч үүний баталгаа мөн.
Тиймээс ухаант мэргэд хэлийг ихэд үнэлсэн нь Германы гүн ухаант М.Хайддегер “Хэл бол ахуйн ордон”, Оросын Ф.Достоевский “Хэл бол ард түмэн”, Францын зохиолч А.Камю “Миний эх орон бол франц хэл” гэх зэргээр нэрлэсэн нь цөм дээрх ойлголт лугаа холбогдож байна. Энэ ертөнцийн удам угсаа, соёл, зан заншлаараа ялгаа бүхий олон үндэстэн, ястан бий бөгөөд тэд цөм өөрийн эх хэлээ хайрлан дээдэлж, хамгаалан хүндэтгэсээр иржээ.
Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов “Римийн эзэн хаан V Карл Испани хэлээр бурхантай, Франц хэлээр нөхөдтэй, Герман хэлээр дайсантай, Итали хэлээр бүсгүйчүүлтэй ярихад зохимжтой хэмээн ярьдаг байсан гэлээ. Хэрэв тэрвээр Орос хэлийг төгс төгөлдөр мэддэг байсан бол хэлсэн бүхнээ базан хэн бүхэнтэй ярьж болох хэл гэхсэн билээ. Учир юун гэвэл Орос хэлэнд Испани хэлний гайхамшиг, Франц хэлний уянгалаг, Герман хэлний хурц тод, Итали хэлний зөөлөн тунгалаг цогцолсон бөгөөд бас юмыг дүрслэн гаргахдаа хүчтэй баян төгс, Герег Латин хэлний товч тодорхой бүрэн шингэсэн билээ” гэсэн бол их зохиолч Д.Нацагдорж төрлөх монгол хэлээ
“Өсөхөөс сурсан үндсэн хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрлөх нутаг
Салж болшгүй орон” хэмээн шүлэглэсэн. Энэ бүхэн бол эх хэлээ эрхэмлэн дээдлэхийн ухаан их ухаантнуудаас гарч буйн баримт.
Ингээд бодохлоор хэл гэгч зүгээр нэг хийсвэр үгэн бүрхүүл бус соёлын үнэт зүйл бөгөөд түүнийг хайрлаж хамгаалж бас хөгжүүлж явах нь тухайн хэлийг эзэмшигч ард түмний хүндтэй ариун үүрэг болох нь тодорхой байна.
Хэл гэгч хүн төрлөхтний харилцааны хэрэглүүр болон гарч ирсэн бөгөөд чухам энэ үүргээрээ л бидний соёлын хөгжилтөд асар их нөлөө үзүүлж ирсэн ба цаашид ч тийн нөлөөлөх үнэт зүйл мөн.
Хэл гэгч гагцхүү хүн төрлөхтөнд заяагдсан гайхамшиг бөгөөд хүний уураг тархи буюу сэтгэхүйн их хөгжлийн үр дүнд үүсэн буй болсон тул түүн лүгээ салшгүй нягт холбоотой. Гэвч ижил зүйл бас биш. Энэ тухай Швейцарын алдарт хэл шинжээч Фердинанд де Соссюр “Алив хуудас цаас мөн чанараа алдаагүй үедээ яах аргагүй нэг зүйл мөн. Бас хоёр талтай. Үүн лүгээ нэгэн адил хэл, сэтгэхүй хоёр салшгүй холбоотой авч хоёр өөр зүйл мөн” хэмээн тайлбарлажээ.
Энгийнээр ойлговол нохой хуцахдаа буюу чоно улихдаа урьдчлан юу ч бодож чадах бол хүн нэг үг дуугарахдаа л яах гэж ямар зорилготой хэлж буйгаа урьдчилан сэтгэж боддог онцлогтой.
Халх хүн “Бод” гэж хэлэхийн тулд санаж сэдэх юмуу? Тооны үйлдэл хийх тухайд сэтгэдэг бол буриад хүн өглөө босох тухай санаагаа “бод” хэмээн илэрхийлдэг. Нэг үндэстэн хоёр ястан л хоёр өөр ойлголтоо нэг ижил үгээр илэрхийлж буй нь хэл сэтгэхүй хоёрын ялгааны энгийн жишээ мөн.
Үүнийг өгүүлэхийн учир гэвэл өнөө үед хэлний гүйцэтгэх үүргийг зөвхөн харилцааны хэрэглүүр төдий бус өөр хэд хэдэн чиглэлээр авч үздэгийн нэг нь Утга зохиолын хэл юм. Энэ тухайд профессор Ц.Сүхбаатар “Аливаа улс үндэстний бичиг зохиолын хэлний хэм хэмжээнд нийцэн тохирч байгаа үг яриаг зөв гэдэг. Бичиг зохиолын хэлний хэм хэмжээ гэдэг нь хэлний хөгжлийн тодорхой нэгэн үед нийгэм олноороо хамгийн зөв гэж үлгэр жишээ болгон авч хэрэглэж байгаа хэлний тогтолцоо юм. Хэлний хэм хэмжээ нь зөв яриа бичлэгийг хамгаалан бэхжүүлж, бурууг хязгаарлан хориглодог. Хэл ярианы соёл нь ерөнхий соёлын нэгэн чухал хэсэг билээ. Ер нь хэрхэн ярьж бичиж байгаагаар нь тэр хүний оюуны хөгжлийн төвшин, сэтгэхүйн соёлын талаар ойлголт авч болдог байна.” хэмээн бичжээ. Энэ бол утга зохиолын хэлний тухайд хамгийн ойлгомжтой энгийн тодорхойлолт мөн бөгөөд бидний өнөөдрийн хурлын сэдэвт эн тэргүүнээ өлгөн ярилцах чухал санаа бас мөн.
Энд өгүүлснээс үзэхэд утга зохиолын хэл гэдэг нь тухайн улс үндэстний хэлнээс тэс өөр зүйл бус харин хамгийн зөв ончтой үлгэр жишээ болохуйцийг нь шилэн сонгож аваад хэм хэмжээ болгон тогтоохыг л хэлж байна. Тэр үлгэр жишээг ердөө л өөрийн ард түмний харилцан ярьж ойлголцдог үг хэллэгээс сонгон авдаг нь ч илт байна.
Монголчууд бол мэргэн сэцэн ухаантай бөгөөд тэрхүү ухаанаа мөн л мэргэн, сэцэн үг хэлээрээ илэрхийлдэг ард түмэн юм. Амьдралд байдаг тун энгийн жишээ авья.
Манай төрөл саданд нутаг орноороо “Жимзээ” хэмээн авгайлан хүндэлдэг нэг чавганц байлаа. Тэр хүн сургууль соёлоор огт яваагүй бөгөөд бичиг үсэг ч мэддэггүй нэгэн байлаа. Гэхдээ л хэлдэг үг нь гайхамшигтай. Нэг хүү нь дэлгүүрээс гутал худалдан авчээ. Хоёр хонолгүй ул нь ханзарчихаж. Энэ тухайгаа эхдээ хэлтэл Жимзээ “Тэгэлгүй яахав дээ хүү минь. Май гээд өгөхөд л ханзраад унахгүй бол хэндээ гэж бөхлөх билээ дээ” гэж. Бас нэг хүү нь айлд орж суусан хүргэн болсон агаад тэдний хамаг л хар бор ажлыг хийж гүйцэлдүүлдэг байж. Нэгэн удаа намрын хүйтэн борооноор малынхаа хойноос яваад ирэхгүй удахлаар эхнэр нь жаахан санаа зовсон аятай үг хэлж. Түүнийг сонссон Жимзээ “Яахав дээ. Энэ хүн хүйтэн бороонд осгож үхвэл хүн нь надад онгойж, ажил нь танайд онгойх байгаа даа” гэж. Хачин гайхамшигтай оносон үгс, бүр уран зохиолын хэллэг сонсогдож байгаа биз.
Манайхны Амар гэж бас нэг хэцүү өвгөн байлаа. Эхнэр хүү хоёр нь нэг юманд явах гээд ийшээ яваад, тэрүүгээр ороод гэх мэтээр яриад байж. Түүнийг сонссон өвгөн “Та хоёр баруун, зүүн, хойт, урд гэдэг үгээ мэддэггүй улс юмаа даа” гэж байсан гэдэг.
Миний авга ах Амар Дорж гэдэг хүн үнэн үгтэй гэж нутаг орондоо алдаршсан хүн байлаа. Үнэн үгтэй гэдэг нь худал ярьдаггүйгээс гадна ихээхэн ончтой үг хэлдэгт нь байлаа. Тэрвээр нэг удаа хот орж ирээд захын нэг гуанзанд орон хоолны хамт ганц шил пиво аваад ууж суутал, нэг тэнэмэл маягийн хүн орж ирээд өвгөнийг үл таних атлаа худал танимхайран үг өдөх аястай “-Өвгөн гуай би таныг үзсэн хүн шиг санагдаад байх юм” гэвэл өвгөн хариуд нь “Тийм байлгүй дээ. Өвөө нь өдий болтол дандаа ил яваа юм” гэсэн гэдэг. Энэ мэт жишээ аваад байвал захаас авам олон.
Монголчууд үг сөргөхдөө хүртэл ямар ухаантай нь ам муруйсан хоёр эвлэрэх дээ.
“За хө Бухын хүү мөөрч уулзаад мөргөлдөж тардаг. Хүний хүү хэрэлдэж эхэлсэн ч хэлэлцэж тардаг юм. Нэг сайхан тамхилчихъя” гэдгээс илэрхий.
Энэ мэт энгийн агаад цэгцтэй үг хэллэг л мөнөөх утга зохиолын хэлний  хэм хэмжүүр болдог байна.
Мөн энэ мэт ардын ухааныг тухай тухайн үеийн соёлтой бичгийн хүмүүс нь шүүрэн авч ашиглаад ухамсартай бүтээлч ажиллагааныхаа үр дүнд бичгийн буюу утга зохиолын хэлний хэм хэмжээг тогтоодог байна. Энэ тухайд профессор Ц.Сүхбаатар “Бичиг зохиолын хэл хөгжихдөө ардын ярианы хэлний олон өнгө аяст тулгуурладаг жамтайн зэрэгцээ тэр ардынхаа хэлнээс хамгийн үнэн цэнэтэй, яруу тунгалагийг нь шилэн шалгаруулж бэхжүүлдэг учиртай. Чухам ийм учраас хэм хэмжээ байхгүйсэн бол бичиг, зохиолын  хэл ч гэж байж чадахгүй билээ” хэмээн бичжээ.
Монголчууд эртний их бичгийн соёлтой ард түмэн болох тул ийм хэм хэмжээг мөн л эртнээс эхлэн тогтоож чадсан баялаг сайхан уламжлалтай. Үүнийг бид “Монголын Нууц Товчоо”-ноос эхлээд хорь дугаар зуун хүртэл өвөг дээдсийнхээ бичиж туурвисан сонгодог уран зохиолын сонгодог хэлнээс төвөггүй мэдэж болно. Сонгодог бичгийн хэлний эл уламжлал ХХ зууны эхэн үеийн хувьсгалч сэхээтнүүд болох О.Жамъян, Ж.Цэвээн, Бат-Очир, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нарын бичиг зохиолд ч уламжлагдан ирсэн нь бидний бахархал мөн.
1940-өөд оноос Уйгаржин монгол бичгийг Кирилл монгол бичгээр сольсон нь уламжлалт сонгодог бичгийн хэл найруулгын хэм хэмжээнд өөрчлөлт гарсан хэдий ч тэр үеийн соёлт сэхээтнүүд басхүү энэ шинэ бичигтээ тохирсон хэл найруулгын хэм хэмжээг буй болгоод мөрдөн биелүүлж ирсэн юм.
Энэ хэм хэмжээ нь шинэ цаг үетэйгээ тохирсон орчин үеийн ярианы болоод бичгийн хэлийг ойртуулсан түүхэн зайлшгүй шаардлагаар гарч ирээд түүхэн үүргээ гүйцэтгэсээр байгаа сайн зүйл мөн. Гагцхүү эл сайн талыг эс анзаарсан буюу тийн анзаарахыг үл мэдэгчид, хий сэтгэлийн хөдлөлөөр хуучныг хамгаалах нэрээр шинийг хэт үгүйсгэн бас хэтэрхий их эрх чөлөө эрхэмлэснээс өнөө үеийн утга зохиолын хэлний хэм хэмжээ алдагдан юу ч биш холион бантан болоод байгаа нь хэн бүхний нүднээ илт.
Үүнд нэг нөлөөлж буй хүчин зүйл нь бидний 70 гаруй жил баримталж ирсэн социалист реализмын аргыг шүүмжилж, өөр шинэ арга барилуудыг нэвтрүүлэх гэсэн эрмэлзэлтэй холбоотой. Энэ ч буруу зүйл огт биш бөгөөд цагийн жам, ертөнцийн хөгжлийн дагуу гарч ирсэн зүй ёсны үзэгдэл мөн болой. Энд нэгэн жишээг авахад өнөө үед хамгийн их дэлгэрэлийг олж танин мэдэхүйн салбарт ихээхэн анхаарал татаж буй шинжлэх ухааны нэн шинэхэн салбар болох Синергетикийн шинжлэх ухаан буюу шугаман бус шинжлэх ухааны үүднээс бол энэ ертөнцөд туйлын төгс зүй тогтол, нийтлэг хууль систем, эмх цэгц, дүрэм журам байхгүй эмх замбараагүй Хаос чанар л байдаг гэдэг ойлголтын хамгийн тод илэрдэг үзэгдэл нь хэл, бүр уран сайхны хэл гэж үзэж байгаа юм. Энэ ч бас үндэстэй. Үүнийг бид туулийн хатдыг “Гэр нэвт гэгээтэй
Туурга нэвт туяатай гэх буюу
Цаашаа хараад хэвтэхэд нь
Цаад далайн жараахай тоологдом
Наашаа хараад хэвтэхэд нь
Наад далайн жараахай тоологдом” гэсэн дүрслэл алдарт ноён хутагт Данзанравжаагийн
Цогт багахан чамайгаа
Цогц биеийн дотроос
Цочмог цочмог санах нь
Цоожны өргөс адил гэж бичсэн
Д.Нацагдоржийн
Мярс мярс майлсаар
Намайг чиглэсээр ирдэг.
Б.Явуухулангийн
Мөнгөн аяга шиг гараас чинь
Мөнхийн уснаас уух юмсан гэх зэрэг мөр бадгаас тодорхой харж болно.
Энэ мэт утгын болоод хэлзүйн логик дүрмийг зөрчсөн стандарт бус буюу дээр өгүүлсэнчлэн Хаос шугаман бус шинж нь үгийн урлагийн бүхий л бүтээлд илэрдэг түгээмэл зүй тогтол болох нь одоо нэгэнт тодорхой болжээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрсөөр ирсэн бөгөөд уран зохиолд үндэсний хэлний дүрслэх аргын бүх бололцоо, найруулгын бүхий л боломжийг ашиглах тухай номлосоор ирсэн нь үүний баримт мөн.
Гэхдээ энэ бол уран зохиолын хэлийг дүрслэх арга боломжийн хувьд нэг зүйлд хязгаарлагдалгүй өргөн чөлөөтэй ашиглах тухайд ярьж буй болохоос биш улс орон даяар мөрдөх утга зохиолын буюу бичгийн хэлний найруулга зүйн хэм хэмжээг хэн ч хамаагүй дураараа зөрчин хаос болгож болно гэсэн үг бас биш юм.
Харин үүнийг дутуу ухаарсан хийгээд ерөөс мэдлэг чадвар мөхөс атлаа түүнийгээ үл ухааран дураараа дургигчдын харгайгаар өнөөгийн утга зохиолын хэлний хэм хэмжээ алдагдаад байгаад бид давын өмнө анхаарал хандуулан нэн даруй засаж авах учиртай.
 Ийн алдагдахад нөлөөлж буй хүчин зүйлүүд гэвэл
1.    Хуучин онолдоо шүүмжлэлтэй хандаж шинийг эрэлхийлэхдээ ул суурьтай бүтээлчээр хандахын оронд сэтгэлийн хий хөөрлөөр дэврэх үйл ажиллагаа ноёлох хандлагатай байна.
2.    Утга зохиолын хэлний хэм хэмжээг нэгэнт нийгэм даяар мөрдлөг болгох ёстой тул дээрээс буюу төрөөс анхаарч хуульчлан зааж өгөх, түүний хэрэгжилтэнд байнга хяналт тавих явдал бөгөөд ийн анхаарах аваас учраад буй энэхүү бэрхшээлийг бид хялбархан давж чадна гэдэгт үл эргэлзнэм.

Профессор Д.Оюунбадрах



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats