Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бүүвэйн дуу
Энэ бол Монголын ард түмэн үр хүүхдээ дөнгөж төрөнгүүт нь урлагаар хүмүүжүүлж ирсний нэгэн баримт мөн. Ийм ч учраас судлаачдын анхаарлыг нэлээд татаж “ ... эхчүүд буюу эрхлүүлэн тоглуулах зэрэгт зориуд аялгуулан дуулдаг. Түүний гол агуулга нь үр хүүхдээ өхөөрдөн энхрийлэх, хайр сэтгэлээ илэрхийлэхд  чиглэгддэг юм”. (Х-104-43)
“Монгол эх хүүхдээ өлгийдөж, хөхүүлэн цатгасны дараа” бүүвэй бүүвэй” буюу хэрэв чангахан аялах бол “ бүүвээн бүүвээн “ эсвэл “ бааван бааван “ гэдэг юм. Нялх хүүхдийг нэг ойгоос өнгөрснөөс хойш бүүвэйлэхэд үг нь олон  болдог. үүнийг бүүвэйн үг буюу бүүвэйн дуу гэж хэлдэг байна” (С-90-24) “Хүүхэд бүүвэйлэхийн нэг зориулалт нь тайвшруулан унтуулах явдал учраас бүүвэйн дуу нь аажим, намуун хөг аялгуутай байдаг”                     (С-94-11) гэх зэргээр тодорхойлсон байна. Эндээс бүүвэйн дуу гэж чухам юу болох нь ойлгомжтой бөгөөд энэхүү бүүвэйн дуу дотроо бас олон янз байдаг нь үүсэл гарал, орон нутгийн байдал зэргээс шалтгаалдаг. Монгол ардын “Элдээ Дэлдээ хоёр” гэх үлгэр, түүнтэй төстэй домогтой холбоо бүхий нэгэн бүүвэйн дууг судлаачид салж хагацсан ах дүү нарыг уулзуулах дотоод сэтгэлийн уран дуудлага болдог” (Х-104-43),”ан гөрөөгөөр амьдарч байсан эрт үеийн амьдралын тусгал” (С-90-13) гэх зэргээр үзсэн байна. Ийм чиглэлийн дуу эртний гаралтай хийгээд хагацаж салсан ах дүүсийг уулзуулдаг нь үнэн боловч гол нь Монголчууд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ удам судраа сайтар мэдэх явдлыг чухалчилан үзэж ахмад хүүгийн залгажмлах ёсон буюу майрот, бага хүүгийн залгажлах ёсон буюу миноторын аль алийг баримталж ирсэнтэй холбоотой. Ийм бүүвэйн дуу нь
    “Ээлээ Зээлээн дүүлэй бүүвэй
    Эрдэнэ Доньдын хүүлээ бүүвэй
    Ахан дүүгийн зээлээ бүүвэй
    Охин дүүгийн хүүлээ бүүвэй” гэх буюу
    “Хараадай хааны ачлаа бүүвэй бүүвэй бүүвэй
    Хариутган тайжийн дүүлээ бүүвэй бүүвэй бүүвэй
     Зээрэн Сугсууны дүүлээ бүүвэй бүүвэй бүүвэй
    Буурал мэргэний үрлээ бүүвэй бүүвэй бүүвэй
    Будаг шагайн хүүлээ бүүвэй бүүвэй бүүвэй”
гэх  мэтийн хувилбартай бөгөөд хувилбар тус бүрийд тохирсон өөр өөрөөр яригдах авч ерөнхийдөө ямар нэг гаднын шалтгаанаар салж, холдсон ахан дүүс энэ дууны ачаар хожим бие биеэ мэдэж таньсан тухай өгүүлсэн домог байдаг.
    Энэ домгийн ерөнхий санааг; <<эрт урьд цагт Зэгсэн гуа гэдэг эхтэй ах дүү хоёр амьдарч байжээ. Ах нь насанд хүрсэн Зээрэлдээ мэргэн гэдэг алдартай хүн байв гэнэ. Дүүг нь бүр нялх байх үед нь эх нь нас баржээ. Зээрэлдээ мэргэн өнчин дүүгийн хамт хоёулхан нэг ой модтой газар эхээсээ хагацан хоцроод байв. Гэтэл нэг өдөр алтан хайрцаг хүзүүндээ зүүсэн арван салаа эвэртэй буга тэдний гадаа ирээд зогсжээ. Тэгэхлээр нь Зээрэлдээ мэргэн дүүгээ тэр буганы хүзүүнээс зүүлттэй алтан хайрцагт хийгээд явуулчихжээ.
Буга явсаар байгаад үр хүүхдийн мөрөөдөл болсон нэг эмгэний гэрийн гадаа очоод нөгөө алтан хайрцгаа буулгаж орхиод явжээ. Эмгэн алтан хайрцгийг нээж хүүхдийг авч баярлан бөн бөн бүүвэйлж байв гэнэ. Энэ завсар ах нь дүүгээ санаж эрж хайсаар ямар айлын үр болсныг мэдэхээр айл айлын үүдээр орой бүр явж байтал нэг айлд
“Зээрэлдээ мэргэний дүүхэлдэй
Бүүвэй бүүвэй
Зэгсэн гуагийн хүүхэлдэй
Бүүвэй бүүвэй”
гэж бүүвэйлэхийг сонсоод дүүгээ олов гэнэ” гэж академич Х.Сампилдэндэв (С-90-1) тэмдэглэсэн байна.
Энэ бол уг домгийн маш хураангуй үндсэн санаа бөгөөд удам судраа мэдэх бүүвэйн дуу дуулахын ач холбогдлыг домгийн сэтгэмжээр тайлбарласан нь болно.
Эл домогтой холбоо бүхий арай дэлгэрэнгүй “Элдээ Дэлдээ хоёр” хэмээх нэг үлгэр бий. үүнийг хүүхдийн зохиолч Ж.Дамдондогийн сийрүүлснээр энд оруулав.

Элдээ Дэлдээ хоёр
Элдээ Дэлдээ хоёр Эрдэнэдондог дүүтэй юмсанжээ. Элдээ Дэлдээ хоёр нь эхнэртэйгээ Эрдэнэдондог дүү нь ганцаараа суудаг байжээ. Хоёр ах нь ан гөрөө хийж халиу булга албал дүүдээ өгдөг, үнэг хярс албал хоёр эхнэртээ өгдөг байжээ. Нэг өдөр хоёр ах нь ан хийхээр явж дүү нь гаднаа тоглоод үлджээ. Хоёр ахын эхнэрийн нэг нь нөгөөдөө ингэж хэлжээ.
-За хө Эрдэнэдондогийг алъя.үүнийг байхаар цаад хоёр ах  нь Халиу булга албал дүүдээ өгөөд, үнэг хярс албал бид хоёрт өгөөд байх юм. Хэрэв Эрдэнэдондог байхгүй бол бид хоёрт өгөхгүй яах вэ? гэхэд нөгөө нь:
-Энэ хөөрхөн амьтныг харсаар байгаад яаж алах вэ? Тэр хоёр ганц өнчин дүүдээ өгөлгүй хэндээ өгөх вэ? Бид хоёрт үнэг хярс болохгүй яахав гэжээ. Нөгөө нь:
-Элдээ Дэлдээ хоёрын хамаг хүнд хүчир ажлыг бид хоёр хийж, муугий нь аваад, зүгээр тоглож явдаг дүү нь хамаг сайн сайхныг авна гэсэн чинь юу гэсэн үг вэ? үүнийг алахад амархан. Хоёр эгчтэйгээ тоглоё гэж авчраад алж болох юм гэхэд нөгөө нь:
-Тийм амархан юм бол яах вэ дээ! гэжээ.
Тоглоё гэж дуудхад Эрдэнэдондог дуртай гүйгээд иржээ.
-За гурвуулаа бэлзэг үмхээд шилээрээ гаргая гэж нэг эгч нь амандаа бэлзэг үмхээд нөгөөг нь шилэн дээрээ сэм тавиад:
-За би гаргачихлаа. Миний дүү одоо гарга гэхээр Эрдэнэдондог “За” гэж бэлзгийг нь аваад залгих гэж оролдож байгаад хахаад үхчихжээ. Хоёр эгч нь түүнийг чирч аваачаад гэрт нь хаяжээ.
Элдээ Дэлдээ хоёр ан ав хийж халиу булга олныг алаад “За өнөөдөр муу өнчин дүүдээ өгөх юмтай. Дүү минь унтаж байгаа болов уу? Бараа харагдах газраас “хоёр ахаа тосоод ирдэгсэн. Яагаа юм бол?” гэж ярилцаад гаднаа ирж:
-Дүү яав? гэж хоёр эхнэрээсээ асуухад:
-Яав гэж дээ, саяхан гадуур тоглож явсан, бодвол унтаж байгаа биз дээ гэжээ. Хоёр ах нь дүүгийнхээ гэрт орсон чинь дүү нь үхчихсэн байв. Хоёр ах нь даагатай гүү далд ортол, унагатай гүү урстал гурван өдөр, гурван шөнө дүүгээ тэврээд уйлжээ. Элдээ нь Дэлдээдээ:
-Чи яваад нэг буга бариад ир. Дүүгээ эврээс нь зүүгээд тавья. Ийм хөөрхөн дүүгээ яаж газар дээр зүгээр тавих вэ? гэжээ. Тэгээд Дэлдээ нь буга барихаар явж, Элдээ нь дүүгээ хөвөнд хучиж, торгонд ороогоод алтан хайрцагт хийж гадуур нь төмөр хайрцгаар хайрцаглажээ. Тэр хооронд Дэлдээ нь буга бариад иржээ. Элдээ Дэлдээ хоёр уйлж бугын эврээс зүүгээд тавьчихаж гэнэ.
Далайн захад байдаг ганц үнээтэй үр хүүхэдгүй эмгэн өвгөн хоёрын гэрийг нэг том юм мөргөхөөр эмгэн нь гараад хартал нэг буга гэрийг нь шөргөөж байгаад эмгэнээс үргэж ухасхийж эвэртээ байсан нэг том юмыг унагачихаад явчихжээ. Эмгэн тэр юмыг аваад:
-Өвгөөн, бид хоёрт буга юм хайрлалаа шүү! Лав бугын эвэрт яасан ч муу юм байхгүй. Задлаарай! гэхээр өвгөн нь:
-За яахав, гурав хоног бурхан дээрээ залъя гэж бурхны авдар дээр тавьж гурав хоног тахижээ. Эмгэнийг өглөө босоод цайгаа чанаж, тогоотой сүүгээ юүлээд хусмаа хусаж байтал:
-Ээж ээ! Хүүдээ хусамнаасаа өгөөч! гэх дуу гарчээ.
-Өвгөөн, би чамд юу хэллээ. Хусамнаасаа гэж байхыг дуулж байна уу? Босоорой! гэхэд өвгөн санд мэнд босон харайж гар нүүрээ угаагаад өнөөх юмаа задалжээ. Гэтэл давхар давхар хайрцагнаас хөөрхөн бүсгүй хүүхэд гарч дэргэд нь зэвтэй бэлзэг байжээ. Өвгөн эмгэн хоёр бөөн баяр болж. Охин нь том болоод нэг тайж хүний эхнэр болж хөөрхөн хүү төрүүлж гэнэ. Нэг өдөр хоёр ах нь ан гөрөө хийж яваад тэр айлд буужээ. Эрдэнэдондог хоёр ахдаа таниулах санаатай хоол цай хийж өгчээ. Гэтэл хоёр ах нь таньсангүй гэнэ. Хоёр ах нь хээр гараад “Энэ хөөрхөн авхай чинь ямар сайн хүн бэ? Маргааш ирээрэй гээд байх юм” гэж ярилцсаар явжээ. Тэгээд тэр хоёр өдөрт ирж хоол цай идэж уугаад явдаг болжээ. Нэг өдөр Эрдэнэдондог хүүхдүүдийг нь авч байдаг эмгэндээ хэлсэн нь:
-Өнөөдрийн ирдэг хоёр гөрөөчнийг маргааш ирвэл би хоол цай хийж байна. Та хүүхдээ уйлахгүй бол чимхэж уйлуулаад
Хар лусын хааны ач юм шүү
Харалтай тайжийн хүү юм шүү
Элдээ Дэлдээ хоёрын зээ юм шүү
Эрдэнэдондогийн хүү юм шүү гэж бүүвэйлээрэй! гэж эмээдээ захижээ.
Маргааш хоёр ах нь ирж Эрдэнэдондог дүү нь цай хоол хийхээр зэхэж байтал эмгэн хүүгээ чимхэн уйлуулаад нөгөө хэлсэн үгээр нь бүүвэйлэхэд хоёр ах нь дүүгээ тэврэн авч ах дүү гурав даагатай гүү далд ортол, унагатай гүү урстал уйлжээ. Хоёр ах нь дүүгээсээ юу болсон тухай асууж дүү  нь хоёр ахдаа өнгөрсөн явдлаа бүгдийг ярьжээ. Хоёр ах нь уурлаж уушиг зүрх нь амаараа гарах шахаад гэр лүүгээ явах гэхэд Эрдэнэдондог дүү нь хорьж,
-Ухаантан хүн урьдынхаас сэрэмж авч хойшид болгоомжилдог юм шүү. Тэр хоёрыг битгий зовоогоорой.! гэж захижээ. Хоёр ах нь гаднаа очмогцоо:
-Та хоёр юугаар дутаад ганц өнчин дүүг минь алав? Хурдан морины сүүлэнд үхнэ үү, хурц хутганы ирэнд үхнэ үү? гэж агсарчээ. Тэгэхэд нэг эхнэр нь би алахгүй гэсээр, энэ ална гэсээр байгаад алсан. Бид хоёр хурдан морины сүүлэнд үхье! гэжээ. Тэгээд тэр хоёр хүүхнийг жаран адууны дэл сүүлнээс хаа гуяар нь зүүж алаад ах дүү гурав амар сайхан жаргажээ.
Домог хийгээд үлгэрийн байдлаас харахад энэ нь нэлээд эртнийх болох нь аяндаа мэдэгдэж буйн дээр үндсэн гол санаа нь удам судраа сайтар мэдэж байх  аваас яаж ч төөрөлдсөн хожим  нь бие биесээ олж мэдэж болдог тухай чухалчилсан байна. Энэ бол монголчууд үр хүүхдээ удам судрын хүмүүжлээр эртнээс хүмүүжүүлэн бүр балчир нялх үед нь энэ санаагаа бүүвэйн дуунд нь шингээж байсны баримт мөн.
Энэ домгийн цаад санаа хийгээд дээр өгүүлсэн майрот, миноратын ёс, “Монголын нууц товчоонд“ буй удам судрын тухай өгүүлсэн хэсэг хүн өөрийн уг язгуураа эс мэдвээс ойд төрсн сармагчинд адил. Өөрийн овгоо эс мэдвээс оюугаар хийсэн лууд адил. Эцэг өвгөдийн ийм тийм хэмэээн бичгүүдийг эс үзвээс хүүхнээ завхаж гээсэнд адил “ (Ц-117-95) гэж бичсэн зэргээс тодорхой байна. Дээрх домогтой холбогдох бүүвэйн дуу нь ерөөс тэр төөрсөн хүүхэд уг удмаа мэдэж байсан учраас л тэжээж өсгөсөн эхдээ түүнийгээ хэлж, эх нь хүүхдээс мэдэж авсан удмын нэрийг бүүвэйн дуунд оруулан хэлж аялсан явдал үүнийг баталж байна. Мөн
    “ Шаалайн бүүвэй
    Шаашилдайн бүүвэй
    Бөөрөөний бөөндий
    Бөөрнхий цагаан “
(С-90–77) гэх зэргээр хэлдэг бүүвэйн дуунд буй “ шаалай “ гэдэг үг боло Монголчууд хээр хөдөө хаягдаад чононд тэжээгдсэн хүүхдийг ийн нэрлэдэг бөгөөд үүнтэй холбодсон домог байдаг нь “овог аймгийнхаа гарал үүслийг ямар нэгэн ан амьтантай холбон тайлбарладаг эртний хүмүүсийн тотем шүтлэг нөлөөлсөн“ (С-135-15) бөгөөд мөн л овог удамтай холбогдож байна.
Энэ бүхэн нь Монголчууд хүүхдээ бүр балчир нялхаас нь эхлээд л овог удмаа мэдэх үзлээр хүмүүжүүлэхийг эрхэмлэж байсныг гэрчлэх юм. Саяын дурьдсан болон
    “Сүм дээр явдаг тагтааны хүү
    Сүргээр явдаг адууны хүү
Ёнхор дуутай хэрээний хүү
Ёдор дуутай уулийн хүү
Талд нисдэг ятууны хүү
Тал нь алаг шаазгайн хүү
Ууланд явдаг угалзны хүү
Улаан эрээн барсын хүү “
(С-90-15) гэх зэргээр хүүхдээ өөрийн хүү бус эл шүлэгт гарч буй олон амьтны хүү мэтээр хэлж бүүвэйлдэг нь нялх хүүхдэд тохиолдож болзошгүй элдэв аюулаас сэргиймжлэн энхрийлэх ёсны илрэл бололтой. Энэ бол мөн л бүүвэйн дуундаа хүүхдээ хайрлах, түүнийг эрүүл саруул өсгөх гэсэн эхийн сэтгэлийг шингээн тухайн цагийнхаа хүмүүжлийн “зарчмыг“ тусгасан байна.
1927 онд академич Б.Ренчин Аулаа овогтой Фүүминтайгаас тэмдэглэн авч (Х-104- 45) академич П.Хорлоо “Монгол ардын цэцэн зүйл үгүүд ба оньсогууд“ номдоо оруулж  тайлбарласан “Хүүхдийг нойрсуулан бүүвэйлдэг дуу“ хэмээх дуу нь 66 мөр шүлгээс бүрдэх бөгөөд туулайны ерөнхий төрх байдлыг шүлэглэн өгүүлсэн байх юм. Энэ дуунд:
Талаар явбал минь
Тайга нохой нь барина
Тариагаар явбал минь
Тавтай мэргэн нь харвана
гэх зэргээр хүний зүгээс учирч болох аюулын тухайд туулай өөрөө хэлж буй мэтээр өгүүлээд:
“ Элдээд авах
Арьсгүй бие минь
Өвчөөд авах
Махгүй бие минь” гэх буюу
“ Төө хүрэхгүй
Чихэнд минь болоо юу ?
Төгрөг хар
Нүдэнд минь болоо юу ?
Таваг дүүрэхгүй
Маханд минь болоо юу ?
Тагш дүүрэхгүй
Шөлөнд минь болоо юу ? “ (өөр хувилбарт)
гэх зэргээр түүнд аюул учруулагч хүнээс амь насаа аврахыг учирлан гуйж буй мэтээр зохиогдсон нь ихээхэн уянгын аястай агаад бага, буурай амьтныг хайрлан хамгаалж явах сургамжийн аястай байх юм.
Түүнчлэн:
“ Тэмээнээс гуйсан уруул минь
Тэнгэрээс гуйсан  амь минь”
гэх зэргээр туулайн биеийн төрх байдлыг өөр бусад амьтантай жишин харьцуулсан нь “нэг биш хэд хэдэн амьтны бие бүтэцтэй танилцах“ (Х-104-46) давхар ач холбогдолтой байна.
Энэ дуу болон бусад бүүвэйн дуунд тодорхой утга санаа бүхий үг – шүлэг байдаг нь Монголчууд хүүхдийг нэлээд том болтол нь бүүвэйлдэг байсныг гэрчлэх бөгөөд нялх балчир үед нь хөг аялгуу нь голлох үүрэгтэй байснаа хэлд орсноос хойш утга санаа нь илүү чухал болдог байсан сэтгэгдлийг төрүүлж байгаа юм.
Бүүвэйн дуу нь орон нутаг бүрд янз янзаар хэлэгддэг хувилбаруудтай байгаа нь тухайн нутаг орны хүмүүсийн зан заншил ахуйн амьдралтай холбоотой бөгөөд Халхад “Эхийн дуу“, Шинжаанд “Бүүвэлдэй“, “Начин хөх“, гэх зэрэг хувилбар байдаг байна. Эдгээр нь бүгд хүүхдийг өхөөрдөж хайрласан, ирээдүйд сайн хүн болохыг нь билэгдэн ерөөсөн зэрэг чанараараа ижил юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats