Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жороо үг

Томчуудаас хүүхдэд зориулсан аман зохиолын төрлүүд нь  хөнгөнөөсөө хүнд рүү шилжих дидактик зарчмыг нарийн баримталсан өөр хоорондоо маш нягт уялдаа холбоотой байна. Энэ нь бүүвэйн дууг хүүхэд өөрөө бус том хүн хүүхдэд зориулан аялгуулдаг бол түргэн хэллэгт үгийг зөв дуудуулах, амьсгаа задлах үгэнд өгүүлбэрийг зөв сайхан ярих зорилгыг агуулсан буйгаас харагдана.
Тэгвэл жороо үг нь шүлэг зохиох, үгсийг тодорхой айзам хэмжээнд багтаан журамлан хэлүүлж  сургадаг. Жишээлбэл:
Хааны хар морь
Морины мухар тэрэг
Тэрэгний тэр болдог
Болдогийн бор начин
Начны найман төлөг
Төлгийн төвгөр уул
Уулын ахар чулуу
Чулууны шонхор хээр . . . 
гэх зэргээр өмнөх мөрийн эцсийн үгийг дараа мөрийн эхэнд хэлүүлээд гурван өргөлт буюу үгийг нэг мөрд багтаан айзам тааруулан зохиох “эвхээс маягийн шүлэг” юм. Харин ихэнх тохиолдолд утгыг харгалзадгүй бололтой. Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном, Ж.Дашдорж, Г.Ренчинсамбуу, Ш.Буянтогтох нарын эмхэтгэлүүдээс үзэхэд жороо үг нь “Хэдэн Монгол”, “Хоёр хүүхэс“ ,”Хар морь”, “Могой могой могорой”,”Гүн хутаг”, “Тосон халбага”, “Хоргой магнаг”,”Тэмээ тэмээ” гэх зэргээр нутаг, нутагт янз бүрээр нэрлэсэн байна. Эндээс жороо үгийн хоёр онцлог ажиглагдаж байна. Нэгд гэвэл жороо үг дээр өгүүлсэнчлэн ердөө л айзам хэмжээнд тохируулан шүлэг зохиолгоход зориулагдсан байна. Хоёрт аль ч  жороо үг ямар ч утга илэрхийлэхгүй байгаа нь хэн нэгэн эхний мөрийг гаргаж хэлдэг, дараа нь оролцогсод дараагийн мөрүүдийг өрсөлдөн хэлж уралддаг журам байсан болов уу? гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна. Энэ нь ардын зарим оньсого
    “Хээр морь хэжимтэй
    Хэжим болгон сацагтай
    Сацаг болгон молцогтой
    Молцог болгон өндөгтэй
    Өндөг болгон ангаахай”
    “Дандал цагаандай
    Дандаа хөлгүй
    Хөндөл бэлий
    Цагаан нуурын туулай
    Туулайн бүүрэг
Бүүргийн халбага
Халбагын уул
Уулын өлөн хэрээ
Хэрээний хэц Монгол
Монголын модон цэрэг
Цэргийн цэнхэр хуяг
Хуягийн хундан бөө
Бөөгийн бөгтөр шар нохой
Ульхан чимиг
Утсан солонготой. (Шатар) (С-90-35)
гэх зэргээр зохиогдсон байгаа нь жороо үг биш бөгөөд харин жороо үг зохиох аргаар бүтсэн оньсого болно. Өөрөөр хэлбэл жороо үг гэж ямар ч утга учиргүй зүйлийг хэлүүлээд байдаг бус шүлэг зохиож сургах маш сайн дасгал байдаг бөгөөд түүнийг жинхэнэ уран бүтээл болгон хэрэгжүүлсэн нь саяын дурьдсан оньсогуудын жишээ болно.
Энэ хэсэгт авч үзсэн аман зохиолын төрлүүд нь хүүхдийн хэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн маш нарийн систем дараалалтай байгаа нь ажиглагдаж буйн дээр бас сэтгэхүйд нь нөлөөлж  авъяас билгийг нь тэтгэх уран сайхан ярьж улмаар шүлэг зохиол хэлж сургахад зориулагдсан байгаа юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats