Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хөдөлгөөнт тоглоомд холбогдох үг хэллэг
Хөдөлгөөнт тоглоомд холбогдох үг хэллэгт “Шодох үг“ болон “Чоно тарвагацах”, “Цагаан  тэмээ наадах”, “Өл буурал тэмжээ барих”, “Хааны хар цар”, “Хулуу тарьж наадах”, ”Хайнгарцах” зэрэг олон тоглоомтойхолбогдсон харилцан ярианы болон шүлгийн зүйлсийг оруулж байгаа юм. Эндээс шодох үг нэлээд сонирхолтой нь болох ба тоглоомд оролцогч хүүхдүүдийг эв найртай, хэн хэндээ гомдолгүй байлгах үүднээс хоёр тал болгон хуваахад шодох үгийг хэргэлэдэг байна. Энэ үг нь:
    “Хээлий,бээлий
    Хэрмэн зэрмэн
    Тоодог,тогоруу
    Тос гялс
    Манас бүлтэс”
    “Тон тон найз уу
    Тоголцуур найз уу
     Гуулин гархи уу
     Голт зүрх үү
    Ямаа яасан
    Хулгайч
    Ширээн доогуур
    Шив
    Тас
    Тарвага”
гэх зэргээр утга санааг төдийлөн чухалчилаагүй үгийг хэлдэг нь хамгийн сүүлийн үгэнд таарсан хүүхэд тарвага ч болдог юмуу аль нэг талд ороод байхаар зохицуулсанд байна. Энэ талаараа жороо үгтэй төстэй авч зориулалт нь өөр байгаа юм. Түүнчлэн тоглоомд оролдцогчдыг шодохдооо ширээ юм уу өвдөг дээр нь гарын долоовор хуруунуудыг нийлүүлж байгаад дээрх үгийг хэлдэг тул заримдаа эрхиймэргэн, эмч домч... зэргээр хурууг төлөөлсөн нэрүүдийн олон хувилбарыг ашиглах нь ч бий.
Тоглоомын явцад хэлдэг үгнүүд нь нэгэнт уг тоглоом нь Монголчуудын аж амьдралтай холбоотой байдаг тул малчин ардын өөр хоорондо ярьдаг үг хэллэг, мэндийн үг зэрэгтэй ойролцоо түүнийг хүүхдүүд тоглоомын ертөнцдөө давтан хэрэглэж буй мэт байдаг.
Жишээ нь “Цагаан тэмээ наадах” тоглоомын үгэнд нэг хүүхэд бух унаж, амандаа ганс зуун тамхи татаж буй хүний дүрийг үзүүлэн ирдэг нь амьдралд байдаг малын эрэлчин хүний дүрийг л хүүхдүүд тоглоомондоо амьдруулж буй хэрэг. Тэгээд мэнд усаа мэдсэний дараа холоос гэж олон малтай айлыг зорин ирсэнд нь талархаж буй үгийг бусад хүүхдүүд хэлдэг нь алсын зочныг хүндлэх, хүн хүндээ итгэх монгол ёс заншлаа тоглоомоороо дамжуулаад эзэмдэж байна гэсэн үг.
    Харин ахлагч буюу буур болсон хүүхэд:
    Наян цагаан тэмээ нь
    Надаар ахалсан бууртай
    Атан тэмээ ачаанд яваа.
    Ардаг ингэ боос болов
Ботго тором эмнэг
Бариад нэгийг авч чадвал
Биеийн чинь заяа болог
гэж  хэлж буй нь ботго, торомноос бусдыг нь уналага эдэлгээнд хэрэглэсэн ажилтай айлын дүр төрх цаана нь харагдахын дээр эмнэг  малаа сурган эдэлж, ид хаваа гайхуулдаг малчин залуусын золбоолог дүрийг тоглоомондоо шингээн тэр дүрдээ итгэн үнэхээр эмнэг ботго, тором барих гэж буй мэтээр цаад хүүхдүүдтэйгээ тоглох идэвхийг сэргээж өгдөг байна.
“ Чоно тарвагаца” тоглоомд чоно болсон хүүхдэд тарвага болсонууд нь очиж
-    Чоно гуай чоно гуай
    Хар үхрээ өгөөч
-    Хар үхрээр яахнав?
-    Тэргэнд хөллөе
-    Тэргэнд хөллөж яахнав?
-    Аргал түүе
-    Аргал түүж яахнав?
-    Гал түлье
-    Гал түлж яахнав?
-    Цавуу буцалгая
-    Цавуу буцалгаж яахнав?
-    Нум сум наая
-    Нум сум  нааж яахнав?
-    Таны толгойг хага харвая гэж хэлээд зугтаадаг.
Энд юуны  өмөн тоглоомд оролцогч хүүхдүүд ажил амьдралаа тун сайн мэддэг болох нь чононоос хар үхрий нь гуйж аваад өөрийнх нь толгойг харваж алах  хүртэл үйл явдлын нарийн холбоог маш энгийн атлаа, чадамгай зохион байгуулж оруулсан байна. Өөрөөр хэлбэл энэ хэллэг зүгээр нэг тоглоомын идэвхийг сэргээхийн тулд авсан элдэв үгийн хэлхээс бус учир зүйн нарийн холбоонд зохиогдсон нь чухал юм. Энэ бол зарим судлаачдын үзсэн шиг хүүхдэд амьдралыг танин мэдүүлж байгаа бус харин амьдралаа сайтар мэддэг Монгол хүүхдийн дүр төрхийг илтгэж буй хэрэг болно.
Энэ мэтээр тоглоом наадмын үгнээс Монгол орчин, Монгол хүүхдийн дүр төрх тодрон харагддаг нь “Хааны хар цар” (шар) тоглоомд хааны шарыг алдсан үхэрчин хаан, хатан, элчийн альнаас ч сураад сургийг нь гаргаж чадалгүй хаалгын хар хулгайчаас асуувал тэрвээр:
    Хааны хар цар
    Өглөөгүүр ирээд
    Өвсөн гэрий минь
    Өнхөртөл шөргөөгөөд
    Хулсан гэрий минь
    Хэмхэртэл шөргөөгөөд
    Харуй бүрий болтол
    Сэжээд байхаар нь
    Бага хутгаараа алаад
    Их хутгаараа өвчөөд
    Хаанд:
    Халуун бүлээн баасы нь өгөөд
    Хатанд:
    Найман цагаан шөрмөсий нь өгөөд
    Элчид элэг бөөрий нь өгөөд
    үлдсэн махы нь
    үмх үмхээр идээд
    Хөндий хоолойгороо оруулаад
    Ходоодны мухартаа шингээж орхилоо. (Б-21-149)
гэж  өчиж буй нь ядуу амьдралтай эр өвс, дэрсэн гэрий нь нураачих гээд  байхаар нь хааны шарыг төхөөрөөд хаан, хатан, элчид (тоглоомд оролцогчдод бүгдэд нь ) хишиг хувь хүртээсэн авч хамаг хэрэгтэйг нь өөртөө авсан “сайн эр“- ийн дүр харагдаж байна. Ерөөс хөдөлгөөнт тоглоомын  үг хэллэг нь харилцан яриаг нэлээд голлосон байгаа нь хүүхдийн хэл ярианы хөгжлийн нэг шат харагдахын зэрэгцээ цэц шалган тэмцэлддэг “Дайралцаа” зэрэг үг хэллэг гарахын суурь үндэс болдог бололтой. Энэ  бүхнээс дүгнэн үзвэл хөдөлгөөнт тоглоомын үг хэллэг нь :
а. Тоглоомыг сонирхолтой, хөгжөөнтэй идэвхтэй болгоход зориулагдсан
б. Тодорхой уран дүрийг илтгэх маш нарийн зохион байгуулалт бүхий үгсийг шилж хэрэглэсэн
в. Хүүхдийн аман зохиолын бусад төрөлтэйгээ авцалдсан холбоотой байдаг онцлогтой ажээ.
Тоглоом наадмын үг хэллэг нь нийт Монгол туургатны дотор өргөн их тархсан нь халхад “Чоно тарвагацах”, “Цагаан тэмээцэх”, баруун Монголд болон Шинжаанд “Хааны хар цар”  буриадад “Бүс сохих”, “Суурь булиалдах” зэрэг олон янзын тоглоомд тохирсон өвөрмөц үг хэллэгүүд байдгаас харагдана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats