Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хурууны тоглоомд холбогдох үг хэллэг

Монгол хүүхдийн тоглох тоглоом нь ямар нэгэн өрөө тасалгаа тусгайлан үйлдвэрлэсэн загвар тоглоом зэргийг шаарддаггүй гээрээ нүүдэлчний амьдралын нөхцөлд яв цав тохирсон байдаг.
Тийм тоглоомын нэг хэсэг нь гарын арван хурууг ашигласан байх бөгөөд үүнд тохирсон үг хэллэгүүд бий. Энэ нь хурууны нэрээс эхэлдэг.
Хурууг нэрлэх үг хэллэг нутаг нутагт янз бүр байдаг. Энэ тухай Монгол хэл уран зохиолын ахмад багш Ч.Лувсандагва оюутан ахуй цагтаа судалгаа хийж тавь гаруй хувилбарыг олж цуглуулсан илтгэл бэлдэн олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд  шалгаран тэр үеийн ЗХУ –ын Ленинград хотноо очиж илтгэлээ тавьж  эрдэмтдийн талархал хүлээж байсан барит бий. Хурууны эдгээр нэрээс заримыг дурьдвал
Эрхий мэргэн
Эмч домч
Дунд ноён
Дугар Зайсан
Оготор бичээч
Чигчий маамаа

- Эрхий эрдэм
Хомхой хошуу
Дунд дуулга
Эрдэм дархан
Түүжий бүүжий

- Бад байран
Бадам хоорон
Оо тоорон
Отог мэйрэн
Оготор бичээч

- Барваадай
Батан туулай
Тоохоон товч
Толиваадай
Бичихан бишүүдэй

- Бөөс нясалдаг
Бөөр гаргадаг
Шагай харвадаг (Бөгцөг нясалдаг)
Наньчид өргөдөг
Нармай ухдаг
гэх зэрэг уламжлалт олон хувилбар байхын дээр сүүлийн үед
Цэц мэргэн
Цэцэн бариач
Дунд босс
Дугар менежер
Атигар нярав
гэх зэргээр орчин үед тохируулсан үг хэллэг ч гарч ирж байна.
Энэ мэтээс үүдэн хуруугаар тоглох наадамтай холбогдсон үг хэллэгүүд гарч ирсэн байна.
Тухайлбал
“Хомхой (долоовор) хуруу барих”  тоглоомд эхлээд:
- Гал авъя
- Хар буур хавшаад хөөнө
- Буулах (хужир) авъя
- Эмгэн эдрэнгээ (хэдрэг) бариад элдэнэ.
- Давс авъя
- Хар нохой хуцаад хөөнө
гэх зэргээр мөнл ахуй амьдралаа тусгасан яриа оруулаад
- За нэг юу вэ?
- Нэг гараар барьснаа юунд эс алдах вэ ?
гэж  эхлэн арав, арван нэг хүртэл асууж дор бүрд нь тохирсон хариулт  авдаг байна.
Тухайлбал:
-  Хоёр нүдээр үзсэнээ юунд эс андах вэ ?
-  Гурван хаатай чөдөртэй хүн гунан морь чөдөрлөж эс унах уу ?    
-  Дөрвөн цартай (шар) хүн тариа юунд эс хишиглүүлж идэх вэ ?
-  Таван сайн хүүтэй хүн би  бүгдээс айх уу ?
гэх зэргээр хариулт өгч болдог бол бүр нарийсган тодорхой үзэгдэл рүү чиглүүлэн нар буцах өдрөөс эхлэн есөн есөд хуваасан 81 хоног буюу дулааны улирлын шилжилтийн цаг хугацааны тухай ардын уламжлалт ойлголтыг
- Нэг есөд яах вэ ?
-    Нэрмэл архи хөлдөнө
- Хоёр есөд яах вэ ?
-    Хорз архи хөлдөнө
- Гурван есөд яах вэ ?
-    Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
- Дөрвөн есөд яах вэ?
-    Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
- Таван есөд яах вэ?
-    Тавьсан будаа хөлдөхгүй
- Зургаан есөд яах вэ?
-    Зурайсан зам гарна
- Долоон есөд яах вэ?
-    Довын толгой борлоно
- Найман есөд яах вэ?
-    Нал, шал болно
- Есөн есөд яах вэ?
-    Ерийн дулаан болно гэж ахуй амьдралд нь ойр дөт үзэгдэлтэй холбон тайлбарлажээ. Ингэхдээ дөрвөн улирлын турш байгалиа байнга ажиглан харж мэдэрсэн Монгол хүний туршлагын үр дүнг харуулсан бололтой.
Жороо үг хэмээн өмнө бидний авч үзсэн төрөл хүүхдүүд өөрсдөө зохиох аман зохиолд нэлээд нөлөөтэй болох нь зарим хэл зүгшрүүлэх үг хийгээд хурууны тоглоомтой холбогдсон үг хэллэгүүдээс харагдаж байна.  “Хомхой хуруу барих” тоглоом цааш үргэлжилсээр:
-    “Арван нэг юу вэ ?
-    Адгийн муу чамтай хэлэлцэшгүй гээд хуруугаа угзрахад         цаад хүн хуруугий нь тавихгүй.
-    Чи адгийн надтай хэлэлцэхгүй хаанаас яваа хүн бэ ? гэхэд
-    Хөх нуураас яваа
-    Нуур биш шалчааг гэнэ билээ
-    Шалчааг нь шалчааг гэх боловч өглөөний улаан наран тусч байхад урд хөвөөнөөс нь ниссэн хун цэн хоёр оройн нар тусч байхад хойт хөвөөнд нь арай гарч билээ.
-    Хун цэн хоёр биш хоёр муу бялзуухай байлгүй.
-    Бялзуухай нь бялзуухай боловч буглаг чөмөг нь найман тэрэмтай гэрт багана болдог юм гэнэ билээ . . . “ гэх зэргээр цэц булаалдах аястай маргалдаж байна.
Энэ нь амьдралын үзэгдэл юмсын тухай уран хошноор, цэц булаалдуулан ухааныг нь сорих маягаар танилцуулж буй нь илт. Хамгийн сонирхолтой нь гэвэл эхний хүний хариултын сүүлчийн үгийг хоёр дахь хүн асуултынхаа эхэнд давтаад түүнээс ургуулан шинэ санаа гаргаж ирж буйд байна. Энэ бол мөнөөх жороо үгийг бүтээх зарчим юм.
Түүнчлэн энэ мэтгэлцээнд:
-    Чи чинь хусан мод хэвтэй яасан хэдэр юм ?
-    Хусан мод хэнд муу болсон юм ?
гэх зэрэг хэллэг байгаа нь жороо үгэнд:
    Хээрийн хус мод
    Модны монгол уяа
гэх мэтээр хэлдгийг санагдуулж байна. Түрүү өгүүлсэн түргэн хэллэгийн жишээ болон энэ баримтаас авч үзэхэд “ Жороо үг” –ийг зүгээрч нэг утгагүй хэлүүлдэг бус хожим тодорхой утга санаа бүхий өөр зүйл зохиохын бэлтгэл болгодог нь бас батлагдаж байна.
    “Дунд хуруу олох” тоглоомын үгэнд ч
-    Хаана хонов?
-    Хааныд хонолоо
-    Юун зоовч?
-    Өвчүү, ууц зоолоо
-    Өвчүү ууцаа яалаа?
-    Хааны хар нохой ирээд дэрс рүү дэлд, хулс уруу хулд             гэчихлээ
-    Дэрс хулс чинь яав?
Түймэр авлаа . . . гэх зэрэг дээрхтэй төстэй хэллэг бий.
Энэ бүхэн бол хүүхдийн аман зохиолын өөр нэгэн төрөлб олох “Мэтгэлцээн” – тэй ямар нэг холбоо буй бөгөөд энэ тухай хойно өгүүлсү.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats